Нярайн эмгэг шарлалт

Нийтлэл
February 23, 2020
13567
    Дөнгөж төрсөн нярайн арьс салст шарлах шинж тэмдэгээр илэрдэг сүүлийн үед ихээхэн түгээмэл илрэх болсон эмгэг бол нярайн эмгэг шарлалт юм. Үндсэн шалтгаан нь цусны улаан эсийн гемоглобин задрахад үүсдэг билирубин хэмээх өнгө нөхцөлдүүлэгч бодисын солилцооны хямрал бөгөөд шинэ төрсөн нярайд элэгний шүүх ажиллагаа бүрэн хөгжөөгүй байгаатай холбоотой үүсдэг эмгэг юм. Нярайн шарлалтыг физиологийн буюу эмгэг гэж хоёр хуваадаг. Физиологийн шарлалт нь төрснөөс хойш 3-4 дэхь хоногт илрэх бөгөөд нийт нярайн 60-70%- д нь тохиолддог.
    Арьс салст шарлахаас өөр ямар нэгэн эмгэг өөрчлөлт гарахгүй бөгөөд шарлалт алгуур буурах маягаар 2 долоо хоног үргэлжлээд ул мөргүй арилдаг. Эхийн хэвлийд байгаа урагт хүчилтөрөгч зөөвөрлөх зорилгоор эритроцит маш их хэмжээтэй байх ба энэ нь төрсний дараа нярайн уушгаараа амьсгалах болсонтой холбоотой хүчилтөрөгч зөөвөрлөх их хэмжээний улаан эсийн хэрэгцээ үгүй болж улмаар түүний задрал их хэмжээгээр явагддаг.
   Энэхүү эритроцитын гемоглобины задралын процесс нь насанд хүрэгчдээс ч илүү эрчимтэй явагддаг мөн задралаас үүссэн билирубиныг бүрэн шүүх нярайн элэгний үйл ажиллагаа бүрэн төгөлдөржөөгүйгээс билирубины илүүдэл болж физиологийн шарлалт явагддаг байна. Энэхүү билирубины илүүдэл нь хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай зэрэг нь шар туяатай болох шинжээр илэрнэ.
    Физиологийн шарлалт гүнзгий их тод явагдах үед хүүхэд бага зэрэг нойрмог болох хөхөө хөхөх нь муудах, хааяа огиулах шинж илэрч болно. Шарлалтын хүндрэлийг гаднах илрэлийн байдал хир тод явагдаж байгаагаар нь хэмжихгүй бөгөөд зөвхөн цусанд байгаа шууд бус билирубинаар хэмжинэ. Энэ нь амьдралын 3 дахь хоногт дээд түвшиндээ хүрдэг. Хүүхдийн организм билирубины илүүдлийг цусны альбумин уурагтайгаа холбож хор нөлөөг нь бууруулж байдаг.
    Харин эмгэг шарлалт нь төрсний дараахь эхний хоногоос эхлэх бөгөөд эмнэл зүйд олон шинж тэмдэг илэрдэг. Энэ үед хүүхдийн элэг дэлүү томрох, хүүхдийн баас өнгөгүй харин шээс нь тод өнгөтэй зарим үед бүр хар болж арьс тод шарлан цаашид хөхрөх мөн арьсанд цусархаг тууралт ч илэрч болно.
    Цусны шинжилгээнд эритроцитын задрал гемолиз болохын сацуу цус багадалт үүсдэг.
  Эх болон нярайн цусны бүлэг ба резус хүчин зүйлийн үл тохироотой үед эритроцитын задрал буюу гемолиз их эрчимттэй явагддаг. Хамгийн хурц шарлалт эх резус сөрөг хүүхэд резус нэмэх цустай байх үед явагдана. Ялангуяа дараа дараачийн жирэмслэлтэнд аюултай учир резус сөрөг цустай эх үр хөндүүлэхгүй байх ёстой.
 Эмгэг шарлалт нь доорхи хэлбэрээр:
1. Холбоот шарлалт буюу элэгний ферментийн дутагдлаас үүссэн.
2. Цус задралтай холбоотой гемолизийн буюу цусны үл тохироо болон эритроцит ба гемоглобины бүтцийн өөрчлөлттөөс шалтгаалсан.
3. Элэгний шалтгаант буюу элэгний янз бүрийн эмгэгийн үед үүсэх.
4. Механик буюу цөсний хэвийн урсгалын хямрал цөс зогсогшилоос шалтгаалсан зэрэг байж болдог.
     Холбоот шарлалтын үед ямар нэгэн шалтгаанаар идэвхтэй холбох процесс явагдаж чадахгүй билирубины хэт илүүдэл болдог.
Харин цус задрал буюу гемолизын шарлалт нь гемоглобин уургийн бүтцийн алдагдал, эритроцитын ферментийн системийн дутмагшлийн үед үүснэ. Эритроцитын задрал нь ямар нэгэн удамшлын шалтгаант эмгэг жишээ нь микросфероцитоз буюу Минковско-Шоффарын цус багадалт, гемоглобины бүтцийн алдагдал жишээ нь хадуур хэлбэрийн цус багадалт зэрэг эритроцитын өөрийн хэлбэр болон бүтцийн өөрчлөлтийн үед их тод илэрнэ.
    Элэгний шалтгаант шарлалт нь элэгний паренхим вирус, бактери, эгэл биетэн, бусад хорт зүйлсээр гэмтсэн үед илэрдэг. В, С гепатит цитомегаловирусын халдвар үжилийн үед цусанд билирубин хуримтлагдаж арьс салст шар ногоон болж элэг дэлүү хэмжээгээрээ томордог. Өтгөн цайж харин шээс хурц тод өнгөтэй болдог. Ийм хэлбэрийн шарлалтын үед элэгний эмгэгт хүргэж байгаа үндсэн шалтгааны эсрэг эмчилгээ хийнэ. Энэ үед халдварын шалтгааныг арилгаж үндсэн шалтгааныг эмчлэхгүйгээр эмнэл зүйн эдгэрэлд хүрэх боломжгүй юм. Орчин үед ч гэсэн төрөлхийн халдварт эмгэгтэй үед халдварыг эмчлэх боловсронгуй болсон эмчилгээний арга барил харьцангуй дутагдалтай байна.
    Иймийн учир хүүхэд төрүүлж эх болох гэж байгаа хүн ирээдүйн ээж маань жирэмслэлтэндээ өөрийгөө бэлдэж халдварт өвчин эмгэгээ сайн оношлуулан эмчлүүлж эхээс урагт дамжих халдварын эрсдлийг сайн мэдэж үүнээс хамгаалж байх шаардлагатай юм.
Механик шарлалт нь цөс зогсонгшилтой холбоотой үүсдэг. Гол төлөв цөсний сувгийн эмгэг, бөглөрөл сувгийн ойролцоох эрхтний хавдар зэргийн үед илрэх бөгөөд цөс өтгөрч сувганд цөсний зогсонгшил үүсдэг. Сувгууд цөсөөр дүүрч улмаар цөс цусны урсгалд орсноос шарлалт явагддаг. Эмчилгээ нь цөс зогсонгшил үүсгэж байгаа шалтгаанаас хамаарах бөгөөд гол төлөв мэс заслын эмчилгээ хийх шаардлага гардаг.
     Нярайн эмгэг шарлалт илэрсэн даруйд эмчид хандаж шарлалтын шалтгааныг тодруулж зохих эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээ нь эмгэг үүсгэж байгаа шалтгаанаас хамаарах бөгөөд шарлалтын байдал нь эмгэг шарлалт үүсгэж байгаа өвчин, нярайн цусан дахь билирубины ихсэлтийн түвшингээс хамаардаг. Үндсэн өвчний шалтгааныг эмчлэхэд шарлалт нь ул мөргүй арилдаг. Эмгэг шарлалтын үед нярай хүүхэд маань нойрмог идэвхгүй болж хөхөө хөхөх нь муудаж ядранги сульданги болж хүндрэх үед таталт ч өгч болдог. Энэ нь билирубин хэт ихсэх үед альбумины холболт туйлдаж улмаар мэдрэлийн системд нэвтэрч тархи, мэдрэлийн төвүүдэд нөлөөлж эхэлдэг. Үүнийг билирубины энцефалопати буюу цөмийн шарлалт гэж нэрлэдэг.
     Нярай дутуу байх тусам эмгэг шарлалт илрэх магадлал өндөр байдаг. Иймд эмэгтэйчүүд архаг өвчин эмгэг, архаг халдвар, цусны резус бүлгээ эрт илрүүлж эмчилгээ хийлгэж төрөх жирэмслэх ирээдүйд ээж болохоо аль болохоор төлөвлөж байх шаардлагатай.
Резус хасах цустай эхчүүд онцгой хяналтанд явж цусанд эсрэг бие үүсэлтийг хянуулж антитело буюу эсрэг биеийн титрын түвшинг байнга хянуулж байх ёстой. Мөн резус хасах цустай эхээс төрсөн нярай эмгэг шарлалт үүсэх өндөр эрсдэлтэй тул төрөнгүүт билирубины түвшинг үзэж цусны бүлэг резус хүчин зүйлийг яаралтай тодруулах шаардлагатай.
     Эмгэг шарлалтаас сэргийлэхийн тулд эх үрсийн нандин холбоо арьсны шүргэлцээ сайн үүсгэж эхийн сүүгээр сайн, зөв, дэглэмтэй хооллож хоол боловсруулах зам, элэг, цөс, гепатобилиар системийн үйл ажиллагааг идэвхитэй байлгах шаардлагатай.
Нярайн эмгэг шарлалт үүссэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй заавал мэргэжлийн нярайн эмчийн хяналтанд эмгэг үүсгэж байгаа шалтгааныг тодруулж билирубины түвшингээ үзүүлж зохих зөв эмчилгээ хийлгэх шаардлагатай!
Сэтгэгдэлүүд