ЧОНО БОРООНООР БУЮУ АВЛИГА “ХОРООНОО”-ГООР...

Нийтлэл
March 27, 2020
1641
 

Дэлхийг хамарсан цар тахлын эсрэг улс орнуудын Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа өнөөгийн цаг үед хэрвээ (хэрвээ шүү!) авлига гарч ирвэл хүн төрөлхтөний хамаг хүчин чармайлт үгүй болно хэмээн даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн-Транспэрэнси Интернэшнл (ТИ) сануулж байна. 

Ердийн үед дэлхий нийтийн хэмжээнд эрүүл мэндийн салбар дахь авлигын хэмжээ жилдээ 500 тэрбум ам.долларт хүрдэг талаар 2019 оны судалгааны эмхэтгэлд бичсэн нь бий. Тэгвэл нийтийг хамарсан хямрал буюу онцгой цаг үед хяналт суларч авлига нэмэгддэг нь бодит явдал бөгөөд бид өнгөрсөн түүх, туршлага, сургамжаас суралцах хэрэгтэй. 

2014-2016 онд эбола вирусийг тогтоон барихаар оролдож байсан үйл явц нь авлигатай тэмцэх үйл хэрэгт гашуун сургамж болжээ. Гвиней, Сиерра-Леон дахь эболагийн тархалтын үеэр 6 сая ам.долларыг авлигад төлсөн талаар олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлж байв. Эбола вирусний үед хөрөнгө завших, урвуулан ашиглах, цалингийн тайланг буруу гаргах, давхар санхүүжилт хийх, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хахууль өгөх, хорионы бүсийг давах зэрэг зөрчлүүд гарч байв.

Тэгвэл Английн анагаах ухааны сэтгүүлийн мэдээлэлд дурдсанаар 2009-2010 оны гахайн ханиадны дэгдэлтийн үеэр “Тамифлю” эмийг зөвлөж байснаас үүдэн уг эмэнд дэлхийн хэмжээнд зарцуулсан хөрөнгө 18 тэрбум ам.долларт хүрчээ.

Гэтэл дөрвөн жилийн клиник туршилтын мэдээлэлд хийсэн үнэлгээгээр Щвейцарийн эм үйлдвэрлэгч “Роше” компанийн “Тамифлю” эмэнд парацетомолоос илүү нөлөө байхгүйг тогтоосон байдаг.

Харин SARS өвчний 2003 оны дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн салбар дахь ирээдүйд үүсэж болох онцгой байдлыг зохицуулах, уялдааг хангах үндэсний удирдлагын төвийг Тайваньд байгуулж, ингэснээр ил тод байдлыг нэмэгдүүлэн, шинэ технологийг ашиглаж урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа нь нэгэн сайн туршлага болоод байна. Баруун Африк дахь эбола болон Ази дахь SARS өвчний дараа нэмэлт хөрөнгө гаргаж, хяналтыг чангатгаснаар эрүүл мэндийн салбарын дэд бүтэц сайжирсан байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 200 улс, бүс нутагт COVID-19 цар тахалтай нүүр тулан тэмцэж байна. 500 мянга гаруй хүн өвчилж, 20 мянга гаруй хүн нас барсан. Цаашид энэ тоо өдөр тутам өсөх хандлагатай байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ хүссэн иргэд огцом олширсоор байгаа энэ цаг үед тухайн улс орны эрүүл мэндийн салбар нь тийм ч тогтвортой биш бол нуран унахад ойрхон байна.

Ихэнх улс орон эмнэлгийн мэргэжилтнүүдээр дутмаг байгаа бөгөөд тэдэнд оношлох, эмчлэх боломж хязгаарлагдмал байгаа юм. Дэлхий нийтийн хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муудаж байна. БНХАУ, Энэтхэг болон бусад улсын эм үйлдвэрлэгч компаниуд жороор олгодог эм, бусад эмэнд ордог бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бууруулж байна. Эрдэмтэд, судлаачид COVID-19-ийн эсрэг вакцин гаргаж авах өрсөлдөөнийг эхлүүлсэн билээ.

АВЛИГА ХААНА ҮҮСЭХ ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн салбарт өмнө нь тухайлбал, эбола вирус, гахайн ханиадны үеэр хүний зовлонгоор ашиг хонжоо ологчид гарч ирсэн энэ мэт эрсдлийг урьдчилан тодорхойлох нь эрүүл мэндийн тусламж нэн шаардлагатай одоо цаг үед улс орнуудын авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад томоохон дэмжлэг болно. Тиймээс одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлаас улбаалж авлигын дараах эрсдлүүд үүсэж мэдэхээр байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон эмнэлгийн ор, эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дутаж буй. Эмнэлгийн албан хаагчид хэнийг түрүүлж эмчлэх вэ, хэн нь илүү хүнд байна вэ гэдгийг тодорхойлох хэцүү сонголттой тулгарч байна. Энэ нь хээл хахуулийн орчинг аандаа бий болгох эрсдэлтэй. Европын холбооны иргэдийн 29 хувь, Африк, Ойрх Дорнод, Хойд Африкийн улсуудад 14 хувь, Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутагт 10 хувь нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд хээл хахууль өгдөг байна. Үүний эсрэг талд төлбөрийн чадваргүй, эмзэг давхаргын хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэж болзошгүй. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муудсанаас шалтгаалж худалдан авахаас өөр ямар ч сонголтгүй болсон Засгийн газруудаас нийлүүлэгч компаниуд үнэ өртгөө дураар нэмэн мөнгө нэхэх эрсдэл үүсэхээр байна. 

Цар тахлын эсрэг вакцин гаргаж авах өрсөлдөөнд Засгийн газрууд ихээхэн хөрөнгө оруулж байна. Тухайлбал, АНУ гэхэд халдвар тахлыг судлахад 2002 оноос 700 сая ам.долларыг зарцуулаад байгаа. Саяхан Англи коронавирус судлахад 20 сая фунт стерлинг амласан бол Европын холбоо энэ чиглэлээр төсвөө 47.5 сая евро болгож өсгөжээ. 

ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Транспэрэнси интернэшнл байгууллага нь амин чухал эм тариа, вакцины худалдан авалтыг сайжруулах, гэрээ, хэлцлийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлтөөс урьдчилан сэргийлэх, цаг тухай бүрт нь шаардлагатай байгаа эмийн талаарх мэдээлэл солилцож байх талаар улс орнуудын Засгийн газарт дараах уриалгыг хүргэж байна.

Үүнд:

Юуны түрүүнд эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг нээлттэй, ил тод байлгаснаар авлигын эрсдлийг бууруулах боломжтой.

Эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт угаасаа авлигын өндөр эрсдэлтэй байдаг. Ердийн үед дэлхийн хэмжээнд худалдан авалтын 10-25 хувь нь авлигад хулгайлагддаг болохыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба тооцоолон гаргасан. Тэгвэл Европын холбооны эрүүл мэндийн салбарт үйлдэгдсэн авлигын хэргийн 28 хувь нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотой байв. 

Үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх ёстой. Үүний тулд зарим улс орны сайн туршлагыг хэрэгжүүлж болох юм. Тухайлбал, Энэтхэгт жижиглэнгийн үнээс дээш үнээр борлуулж буй бараа, бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүлээн авах тусгай утсыг ажиллуулж байна. Түүнчлэн “Amazon” цахим худалдааны компанийн зүгээс COVID-19-ийг эмчилдэг, хамгаалдаг гэх хуурамч бүтээгдэхүүний жагсаалтыг интернэтэд тухай бүрийд устгаж байна. 

Онцгой нөхцөл байдлын үед тусламж үзүүлэх, хуваарилах зорилгоор нэмэгдүүлсэн нөөцийг авлигачид завшихаас сэргийлж мөнгөний урсгалд мониторинг хийж, хөрөнгийг хянаж байх шаардлагатай.

Анагаах ухааны судалгаа, боловсрол, үйлчилгээнд санхүүгийн ашиг сонирхол, хувийн нөлөөлөл нэлээд байдаг нь нууц биш. Германы CureVac компанийн вирусний эсрэг вакцин гаргахаар ажиллаж буй судлаачдад ихээхэн хэмжээний мөнгө амласан талаарх мэдээлэл гарч байгаа нь дэлхийн бусад улс орнуудад сөрөг үлгэр дуурайл болж буй. Тиймээс цар тахлын эсрэг гаргаж авах вакцин, эмийн үйлдвэрлэл нь хувийн компаниуд ба улс орнуудын нууц өрсөлдөөний талбар байх ёсгүй. Энэ нь ил тод бөгөөд тэдний хамтын ажил байх ёстой юм.

Мэдээллийн ил тод байдлыг хангах нь Засгийн газрын үүрэг гэж ТИ зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд дэх хээл хахуулийн эрсдлийг бууруулахын тулд шүгэл үлээж байгаа мэдээлэгчийг хамгаалах талаар арга хэмжээ авах нь чухал хэмээн онцлов. 

COVID-19 цар тахал үргэлжлэн тархаж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарын эмзэг асуудлыг нээлттэй хэлэлцэж байхыг ТИ уриаллаа. Эцсийн дүндээ олон нийтийн эрх ашгийн төлөө зөв шийдвэр гаргахын тулд том бизнесийн болон хувийн ашиг сонирхлын нөлөөллийг бууруулах ёстой. Улс төрийн болон бизнесийн эрх ашиг бус зөвхөн олон нийтийн эрүүл мэнд нэгдүгээрт тавигдах ёстой хэмээн ТИ онцлон тэмдэглэлээ. 

Манай монголчууд “Чоно борооноор” хэмээн хэлцдэг. Энэ нь чоно бороо орох үеэр далимдуулан хоттой хонь эргэж байдаг буюу муу хүн үргэлж сиймхийг харж хөдөлдөг гэсэн утга юм. Тиймээс иргэдийн хувьд эрүүл мэндийн сонор сэрэмжээ эрс нэмэгдүүлсээр байгаа энэ онцгой цаг үед авлигын эсрэг хараа хяналтаа ч бас алдахгүй байх хэрэгтэй юм. 

 

Т.МӨНХТУНГАЛАГ

Эх сурвалж: Транспэрэнси Интернэшнл (АТГ-ын США-наас орчуулж бэлтгэсэн “Corruption and the Coronavirus” нийтлэлийг эх сурвалж болгов)

Сэтгэгдэлүүд