Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд санал хүргүүллээ.

Мэдээ, мэдээлэл
February 10, 2020
288
  Улсын онцгой комисс хуралдан Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. Онцгой комисс мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нэн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
   Өвчний халдвар илэрсэн тохиолдолд эхний ээлжинд Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгийг суллаж 200 ор гаргах, шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг, хувийн хэвшлийн “Асралт мед” эмнэлэг, ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллын газрын барилгыг ашиглахаар болов. Замын-Үүд дэх 100 ортой болон Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг түр тусгаарлах байр болгохоор шийдвэрлэлээ. 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглов. ХӨСҮТ-ийн гаргасан стандартын дагуу “Бөртэ” үйлдвэр, Батлан хамгаалах яамны 288 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрт амны хаалт үйлдвэрлэж нийлүүлэхийг холбогдох удирдлагуудад нь үүрэг болголоо. Мөн бүх шатны Засаг дарга нарыг тухайн орон нутагтаа амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгав. 
    Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар алуулсан Шуурхай бүлэг Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Буян-Ухаа боомтод ажилласан байна.  Уртасгасан цагаар ажиллаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын нөхөн олговор, урамшуулал, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэргийн нөөцөд анхаарах шаардлагатай гэж Шуурхай бүлэг үзжээ. Эрүүл мэндийн яамны хувьд Засгийн газрын шийдсэн 4.2 тэрбум төгрөгөөр эм тариа, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээ  аваад байна. Мөн 3000 оншолуурын эхний 500-г маргааш хүлээн авах юм гэж 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэлүүд