Туслах багшийн “Чадамжийн гэрчилгээ”-г худалдаж авч байжээ

Нийтлэл
September 30, 2024
5994

ЦЭЦЭРЛЭГТ АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛ НҮҮРЛЭСНЭЭС ШАЛГУУР БОСГЫГ ТУЛТАЛ НЬ НАМСГААД БАЙНА

Хууль журмаар бол, их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн хүнийг цэцэрлэгт үндсэн багшаар ажиллуулах учиртай. Харин туслах багшид тавьдаг гол шалгуур нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 18  кредитийн буюу 20-30 хоногийн чадавхжуулах сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. Гэвч өнөөдөр ажиллах хүчний хомсдол нүүрлэснээс шалгуур босгыг тултал нь намсгаад байна. Шинэчлэн баталсан ”Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай” хуульд ч үүнтэй холбоотой зарим зүйл, заалтад төгсөх дамжааны оюутнуудыг дадлагажуулах байдлаар ажиллуулахыг тусгасан байдаг. Мөн туслах багшийг чадавхжуулах сургалт чанаргүй, шалгуур байхгүй, хүссэн нь мөнгөө төлөөд худалдаж авдаг бараа болсон байгаа юм. Энэ хэрээр сургуулийн өмнөх боловсролын чанар, үр өгөөж, багшийн ёс зүй, мэдлэг, ур чадварын асуудалд анхаарах шаардлага үүсээд байна. Цэцэрлэгийн багш нар бага насны хүүхдийг бие махбодийн хувьд хүчирхийлсэн, зүй бусаар харьцсан тухай бараан мэдээ сүүлийн үед цөөнгүй сонсогдох болсоны цаад шалтгаан нь үүнтэй холбоотой. Мэргэжлийнхээ онцлог, бэрхшээлүүдийг ойлгож ухамсарлаагүй, боловсорч, бэлтгэгдээгүй хүмүүст хэдий чинээ сул орон зай, боломж олгосноор  дээрх зүй бус асуудал үүсч байгаа нь тодорхой. Юуны тулд цэцэрлэгийн үндсэн багшийг дөрвөн жил сургаж, туслах багшийг яагаад ганцхан сарын чадавхжуулах сургалтад хамрагдахыг зөвшөөрдөг вэ. Ийм буруу тогтолцоогоор хар захын наймааны шугамаар туслах багшийн мэргэжлийг худалдан авагч нар нэмэгдсээр...

Тэдний буруу нөлөө

Цэцэрлэгийн туслах багш хүүхэд зоджээ, тухайн багшийг ажлаас нь халжээ гэх гарчигтай мэдээнүүд цахим орчинд хайлт хийхэд цөөнгүй таарна. Бага насандаа бие махбодын хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн хүүхдэд учирсан сэтгэл зүйн хохирол урт богино хугацаагаар, эсвэл насанд туршид нь ч  сүүдэр дагуулдаг гэдгийг судалгаанд дурдсан байдаг.

Улаанбаатар болон хөдөө орон нутагт цэцэрлэгийн орчинд туслах багш хүүхэд зодсоныг эцэг эх, хүүхдээсээ эсвэл камерын тусламжтай илрүүлсэн тохиолдлууд бий.

Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдүүдийг зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр ил болсон. Тодруулбал, тус цэцэрлэгийн “Бага-А” бүлгийн туслах багш О нь хоёр настай хүүхдүүдийг зодож, заримыг нь хүлж, алгадаж, чимхэж байгаа нь камерын бичлэгт үлдсэн байдаг. Уг бичлэгт 309 дүгээр цэцэрлэгийн багш Э, туслах багш О нар 14 хоногийн турш хоёр настай хүүхдүүдийг зодож, цохидог байсан нь ил болсон. Туслах багш О 14 жил барилгачин хийсэн хүн байжээ.

Орхон аймагт бүртгэгдсэн тохиолдлын талаар тус аймгийн БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт, СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг нараас тодруулсан. “Тус аймагт сүүлийн хоёр  жилийн хугацаанд цэцэрлэгийн орчинд хүүхдийн биед халдсан  зөрчил дөрвөн удаа  бүртгэгдэж, нэг зөрчлийг тус аймгийн Цагдаагийн газар шалган Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн. Харин үлдсэн зөрчлийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч шалгасан байна.  Боловсрол шинжлэх ухааны газраас зөрчил гаргасан дөрвөн багшийг ажлаас нь чөлөөлжээ. Дээрх зөрчлүүдийн гурван тохиолдлыг туслах багш нар үйлджээ. Тэдний нэг нь гурван сарын дараа тэтгэвэртээ гарах байсан, бусад нь дөнгөж сургуулиа төгсөж ирсэн ажлын дадлага туршлага багатай багш нар байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар туслах багшийг сургах сургалт системгүй, гэрчилгээг хууль бусаар олгодог, цэцэрлэг дээр дадлага хийлгэдэггүй, хүүхэдтэй ажиллах арга барил, онолын сургалт явуулахгүйгээр ГЭРЧИЛГЭЭ олгодог нь асуудлын гол шалтгаан болж байна гэв. Сургалтад хамрагдаагүй цэцэрлэгийн туслах багш нарын тухайд 2-5 настай хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг мэддэггүйгээс бухимдаж хүүхдийн биед гар хүрдэг ажээ.

БАГШ БЭЛТГЭХ НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ЯВЖ ИРЖЭЭ

Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийг 2020 он хүртэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний төвөөс эрх олгосон түр сургалтын байгууллага богино хугацаагаар бэлтгэж байсан. Туслах багшийн албан тушаалын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхүйц ур чадварыг эзэмшүүлэх сургалт нэгдсэн бодлого, төлөвлөлт, бүртгэл, хяналтгүй явж ирснийг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас туслах багш бэлтгэх түр сургалтын байгууллагад хийсэн хяналт шалгалтын дүн ч бас батална. 2020 онд  Монгол Улсын Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэгийн А/278 тоот тушаалаар “Цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр”-ийг баталжээ.

Мөн 2021 онд Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангийн “Цэцэрлэгийн туслах багш бэлтгэх зарим арга хэмжээний тухай” А/132 тоот тушаал гарсан байна. Тус тушаалаар “Цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэх зөвшөөрөл”-ийг МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, Дорнод их сургууль, МУБИС-ийн Архангайн багшийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дах Хүмүүнлэгийн дээд сургууль, Ховд их сургуульд тус тус олгожээ.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан 2024 оны  дөрөвдүгээр сард News.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрхэнд халдсан хэд хэдэн удаагийн үйлдэл гарлаа. Үүнийг тогтолцооны шинэчлэл талаас нь харахгүй бол нэг удаагийн гал унтраасан арга хэмжээ авч болохгүй. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд 800 туслах багшийг 45 хоногийн түргэвчилсэн хөтөлбөрөөр бэлдсэн. Цаашдаа хөтөлбөрийг эргэн харж засаж залруулах зүйлсийг хийх хэрэгтэй гэдгээ харлаа” гэжээ.

Боловсролын салбарын сайд солигдох бүрт туслах багшийн сургалт үйл ажиллагааг сайжруулах ХӨТӨЛБӨР, ТУШААЛ гаргасаар иржээ. Гэхдээ энэ нь цаасан дээр үлдсэн хэвээр. Гэтэл хөрсөн дээрээ хэрэгжихгүй байсаар, Чадамжийн гэрчилгээ худалдаж авдаг байдал амь бөхтэй үргэлжилсээр.

2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллагчдын 32.3 хувь нь үндсэн багш, 28.5 хувь нь багшийн туслах ажиллаж байгаа нь нийт ажиллагчдын 60.8 хувийг эзэлдэг. Гэвч улсын хэмжээнд ажиллаж буй 8500 гаруй  туслах багш нар хаана, хэзээ яаж туслах багш болсон тухай нэгдсэн мэдээлэл байдаггүй аж. 2020 оноос өмнө туслах багш бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын төвүүд сургалтад хамруулалгүйгээр мөнгийг нь аваад гэрчилгээ олгож  байжээ. Энэ байдлыг халахын тулд шинээр суралцах туслах багш дээр дурьдсан нэр бүхий 7 их, дээд сургуульд суралцах зохицуулалттай. Өмнөх сургалтын төвийн гэрчилгээтэй, ажлын байран дээр ажиллаж байгаа багш нарыг дахин сургалтад хамруулахыг аймаг, орон нутгийн боловсролын газарт чиглэл өгсөн ч тушаал гараад гурван жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад туслах багш нар дахин сургалтад хамрагдаагүй байна.

ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ “ХУДАЛДАЖ” АВСАН БАГШ НАР ШҮГЭЛ ҮЛЭЭЛЭЭ

Туслах багшийн гэрчилгээ худалдаж авсан иргэнтэй бид ярилцсан. Нэрээ нууцлахыг хүссэн туслах багшийг О гэж нэрлэе. Тэрбээр Орон нутгийн цэцэрлэгт  хоёр жил орчим туслах багшаар ажилласан. Мэргэжлийн чадамжийн гэрчилгээгээ танилаараа дамжуулан сургалтад суулгүй төлбөрөө төлөөд худалдаж авсан талаар бидэнд ярив. Тэрбээр ажлын туршлагагүй ч танил талаараа дамжуулан цэцэрлэгт туслах багшаар ажилд орж байжээ.

Цэцэрлэгийн туслах багш нь ажлын байран дээр бүлгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм, нормативыг хангах, хүүхэд бүрийг асран халамжлах, эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадал, хэвшилтэй болоход туслах, хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрах хөгжүүлэхэд нь  туслалцаа үзүүлэх, хичээл, хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь багшид туслах, үндсэн ажлын чиг үүрэгтэй байдаг. Гэсэн хэдий ч  бодит байдал дээр Үндсэн багштай адил ажил үүрэгтэй ажилладаг.  Туслах багш О нь “Ажиллах хугацаандаа дээрх үүргийг өдөр бүр гүйцэтгэдэг, зарим тохиолдолд Үндсэн багшийг орлож үлддэг. Үндсэн багш нар ангид хүүхдүүдтэй  ажиллахаас илүү хичээлээс гадуурх сургалт, арга зүйн үйл ажиллагаанд ихэнх цагаа зарцуулдаг тухай ярив. Үндсэн багшийг эзгүй хойгуур хуваарьт ажлаа хийхийн хажуугаар түүний өдөр тутмын үйл ажиллагааг нөхөх гэх мэт олон ажлыг зэрэг хийдэг. Үндсэн багш, туслах багш нар хүүхдүүдтэй адилхан харьцдаг учир багш нарыг ялгалгүй сургалтад тэгш хамруулж байхыг” туслах багш О хүслээ. Туслах багш зохих ёсны мэдлэг олж аваагүйгээс 2-5 насны хүүхдийн насны онцлог, хүүхэдтэй ажиллах арга барилаа мэддэггүй бөгөөд тэд хүчирхийлэл үйлдсээр байгаа юм.

Дараагийн эх сурвалж туслах багш Б нь цэцэрлэгийн туслах багш болох сонирхолтой тул сургалтын төвүүдийг судалж байгаад нэгэн сургалтын төвийг олж хамрагдахаар бүртгүүлжээ. Тус сургалт нь нэг сарын хугацаатай онол-36 цаг, дадлага-144 цаг, нийт 180 цагийн хөтөлбөртэй байжээ. Гэтэл дээр заагдсан хөтөлбөрөөр бус өдөрт 1 цаг 30 минутаар онолын хичээл орж 14 хоног хичээллээд ажлын байран дээр дадлага хийлгэхгүй төгсгөж Гэрчилгээ олгосон байна. Чадамжийн гэрчилгээн дээр нь 180 цагийн зургаан модуль хичээл судалсан ерөнхий дүн 97 хувь гэж бичсэн байв. Тус эх сурвалж нь дээрх эх сурвалжтай адил зургаан сар цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж, туслах багшийн хийх ёстой ажил үүргээс илүү ажлыг хийж байсан учир ачааллаас болж өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ.

Энэ мэтчилэн суралцсан нэр зүүж ажилласан, одоо ажиллаж байгаа хичнээн туслах багш улсын хэмжээнд байгаа бол...

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ҮНЭЛЭМЖИЙГ САЙЖРУУЛЪЯ

Цэцэрлэгийн багшийн чадвар, үнэлэмжийг сайжруулахад дорвитой анхаарахгүй бол манай улсын сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд доголдол үүсч, чадварлаг боловсон хүчингүй, хэн дуртай хийдэг ажил мэргэжил болж хувирах вий дээ. Нөгөө талаас сургуулийн өмнөх боловсролын байгууллага мэргэжлийн багшийн хомсдолд орсон нь энэ онд 500 гаруй багшийн сул орон тоо байгаа тухай БШУЯ-ны мэдээллээс харж болно. Цэцэрлэгт үндсэн болон туслах багшийн орон тоон дээр мэргэжлийн бус хүмүүс болон их, дээд сургуульд энэ чиглэлээр суралцдаг оюутнуудыг ажиллуулж байгаа тохиолдол ч олон байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орсон нь цэцэрлэгүүд хэнийг ч хамаагүй ажиллуулах бодлого баримталж эхэлсэн нь эцсийн дүндээ төрийн алдаатай бодлогын буруу юм. Боловсролын бодлого хариуцсан төр захиргааны байгууллага нь оновчтой бодлого хэрэгжүүлж, зөв менежмент хийж чадаагүйгээс буруу үр дагаварууд үүсээд байна. Манай улсад цэцэрлэгийн хүртээмж муугаас нэг ангид дунджаар 35-40, зарим ангид 50 гаруй хүүхэд суралцдаг. Ийм олон хүүхдийг хоёрхон багшид даатгана гэдэг ахадсан ачаа болно. Гэтэл авч байгаа цалин нь нэмэгдээд 1,1 сая төгрөг, ийм цалинтай, ачаалал, дарамтаас халширч ажлаасаа гарах багшийн тоо нэмэгдэж байгаа зэрэг шалтгаанаас цэцэрлэгийн мэргэжлийн багшийн хомсдолд орсон. Мөн богино хугацаанд сурах хүсэлтэй, эсвэл суралцахгүйгээр төлбөрийг нь төлөөд мэргэжлийн үнэмлэх авдаг ямар ч үнэ цэнэгүй, шалгуур, шаардлагад нийцэхгүй боловсон хүчин бэлтгэсээр байгаа бодлогоо эргэн харах зүй ёсны шаардлага тулгараад байна.

 

"ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ" СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН

“LINE PEN” БАГИЙН БҮТЭЭЛ

Сэтгэгдэлүүд