Эмгэнэл: Цэдэнбалжирын Тамара /1947-2024/

Мэдээ, мэдээлэл
March 02, 2024
26083
Бидний хайртай ээж, эгч, буурал эмээ Цэдэнбалжирын Тамара 2024 оны 02-р сарын 28-ны өдөр өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж үр хүүхэд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолдлоо.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Цэдэнбалжирын Тамара нь 1947 оны 9-р сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд ээжийнхээ хамгийн хайртай ганц охин нь байж бага насаа өнгөрүүлсэн билээ.
Улмаар 1956 – 1964 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 15-р дунд сургууль, 1965 – 1967 онд Хөнгөн хүнсний техникум, авто сургууль дүүргэж, 1967-1968 АПУ компанид нормчноор, 1973 – 1991 онд Нийслэлийн хот тохижуулах авто баазад ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан.
1991 оноос хувиараа бизнес эрхэлж ажиллаж амьдарч байгаад, 2000 оноос “Өрх толгойлсон эцэг эхийн амьжиргааг дээшлүүлэх, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх” зорилгоор “Заюу Тайж” нийгэмлэгийг бие даан байгуулж хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн.
Тэрээр амьдралынхаа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийгмийн шилжилтийн үед төр засгийн хамгаалалд орж чадалгүй алдаж оносон, гадуурхагдсан, орон гэргүй олон арван хүний сэтгэлд гэрэл асааж, тэдний төлөө чин сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж, олон айлыг орох оронтой болгож итгэл бадрааж байсан нь үр хүүхэд бидэнд төдийгүй монголын минь ахан дүүст түүнийг ямар их өгөөмөр буянтай, ачтан байсныг гэрчлэх биз ээ. Ээж, эмээ минь энэ их ажлын хажуугаар өөрийн амьдрал ахуй, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө амьдралаа зориулсан, буян хишгээ хайрласан халамжит хүн байсан.
Ээжийн маань нөр их хөдөлмөрийг төр засаг, олон түмэн өндрөөр үнэлж Монгол улсын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Алдарт эхийн хоёрдугаар одон, Нийслэл Улаанбаатар хотын хүндэт тэмдэг, медалиуд, ТВ9 телевизийн “Энэ цагийн эгэл баатар” –аар шагнагдаж байсан түүхтэй.
Ээж минь та үр хүүхэд, төрөл төрөгсөд, элгэн садан, нутгийн зон олон, найз нөхдүүд, монгол ахан дүүсийнхээ хүндтэй, хайртай, буянтай, өмөг түшиг болсон эрхэм сайхан хүн байсан. Хайрт ээж, эмээ минь хөх тэнгэр, газар нутагтаа амар амгалан нойрсдоо. Үр хүүхэд бидэндээ эргэж төрөх болтугай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Сэтгэгдэлүүд