Монгол Улсын гавьяат жүжигчин И. Одончимэгийг урлагт орсон цагаас нь сайн, муу зүйлүүд тойрон хүрээлж байдаг ч тэрбээр шантраагүй. Өдгөө Монголын манлай эмэгтэйчүүдийн нэг болон гялалзаж явна. Эмэгтэй хүн, тэр дундаа жүжигчин хүн, уран бүтээлээ найруулаад өөрөө тоглоно гэдэг бол бахархал. Тиймдээ ч түүний хийсэн бүтээл бүр нь шуугиан тарьж, олны сонорыг мялааж чихийг соотойлгодог. Анх “Сэргээш 3”-аараа найруулагчийнхаа ажлыг эхэлж байсан бол өдгөө долоо дахь уран бүтээлээ туурвиад байгаа билээ. Түүний авсан шагнал, алдар гавьяа, хийсэн бүтээснийг нь тоочоод байвал дуусахгүй. Ингээд энэхүү эрхэм хүнтэй ажил амьдралынх нь талаар хэсэгхэн ярилцсанаа хүргэж байна.
Кинонд тоглох, кино найруулах хоёрын хооронд ялгаа их. Та сүүлийн үед кинонд тоглохоосоо илүү найруулагчаараа түлхүү ажиллаж байгаа нь сүүлийн хэд хэдэн уран бүтээлээс тань харагдаж байлаа?
Намайг III курст байхад Юнескогийн тэгш ойн жил болсон юм. Тэр жил Юнескогийн шугамаар Монголд 100 хувь Юнескогийн тэтгэлэгтэй Парис кино урлагийн их сургуульд суралцах гурван хувиар ирж байсан. Олон улсын сэтгүүлч, зураглаач, найруулагчийн ангиуд ирсэн. Энэ гурван хувиар дээр улсын төв хороо, Засгийн газраас арваад хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс гарч байлаа. Олон зуун хүүхэд тэр хувиар дээр өрсөлдөөд шалгаруулалтад нь нэгдүгээр байранд жагссан юм. Тийм сайхан хувь заяа надад ирж байлаа. Гэтэл манай Багшийн дээдийн багш нар намайг явуулахгүй гэсэн. “Одончимэгээ чи жүжигчин болох хүүхэд. Найруулагч гэдэг хүнд хэцүү ажил. Тэгээд ч чи эмэгтэй мундаг найруулагч гэж сонссон уу?. Зураглаачийг нь бодохын ч хэрэггүй. Чам шиг ийм жоохон биетэй амьтан хүнд юм мөрөн дээрээ тавиад гүйнэ гэдэг бүтэхгүй” гээд тал талаас ятгаж байсан. Тэгээд л би багш нарынхаа үгэнд ороод тэр хуваариудаас татгалзчихсан. Багш нарынхаа хэлснээр, ямар ч гэсэн “би жүжигчин болох нь тодорхой, харин нэг кино найруулчихаад үхчих юмсан гэсэн бодол тээж явсан /инээв/
Нэг өдөр Найдаа найруулагч “би ажилтай болчихлоо Одноод "Сэргээш 3" найруулах үүрэг өглөө шүү гэж манайханд хэлээд явчихсан. Яалт ч үгүй “Сэргээш 3” над дээр буугаад тэгж л найруулагчийнхаа ажлыг эхэлж байлаа. "Сэргээш" маань амжилттай болсон болохоор урам орж, дараагийнхаа бүтээлүүд рүү орсон доо. “Хөөрхөн ээжтэй охин” бол миний 8 дахь кино.
Одоо ямар шинэ уран бүтээл хийх вэ. "Сэргээш 4" хийх үү?
“Солиот эх”-ийг гүйцэх бүтээл гарна гэдэг хэцүү. Дараагийнх ч гүйцэхгүй байж магадгүй. Тэрэн шиг "Сэргээш 3"-ыг "Сэргээш 4" гүйцэх үү?. Эргээд харж байхад "Сэргээш 3" дээр тоглосон жүжигчид маань ямар мундаг юм бэ гэж бодогддог. Яг үнэндээ "Сэргээш 4" хийх гэхээр таалагдах зохиол орж ирэхгүй байна. Тэр зохиол миний эмоцыг хөдөлгөхгүй бол тэр зохиолоор кино хийгээд яах вэ дээ. Одоо хийвэл драмын бүтээл хийнэ. Надад кинонд тоглох санал ч олон ирдэг. Би зохиолыг нь уншиж үзээд, таалагдахгүй бол уучлаарай чадахгүй нь ээ гээд буцаадаг.
Монголынхоо хуучны сайхан зохиолуудаар яагаад уран бүтээл хийж болдоггүй юм?
Хүмүүс тэгж асуудаг. Зохиол унших, дүрсэн дээр буулгах хоёр шал өөр. Үйл явдал, үг текст гээд маш их зөрүүтэй. Тэр бүгдийг одоо цагт яаж оруулах вэ гэх мэт асуудал их байдаг. Гэтэл тэрийг ойлгохгүй хүмүүс “ямар сонин юм бэ гадны зохиолоор юм хийгээд байх юм” гэдэг. Үнэндээ өөр арга алга. Социализмын үед зохиолчдыг чиглэл чиглэлээр нь хуваарилаад өгчихдөг байсан. Зохиолчид нь хүчээр томилсон чиглэлээрээ бичихдээ алдаж оноод сүүлдээ мэргэшдэг. Тэгтэл тэр чиглэлд нь дурлуулдаг байж. Батбаяр гуайгаас, Жаргалсайхан гуайгаас л жүжиг авъя гэдэг болтол мэргэшүүлдэг байж. Одоо тийм зохиолч олдохгүй байна шүү дээ.
Миний ажигласнаар залуус сүүлийн үед их хөнгөн хуумгай зүйлүүд рүү дурлаад байх шиг санагдах. Хараал ерөөл урсгасан контентыг дэмжээд байх шиг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
Одоо тийм давалгаа үүсчихжээ. Манай хошин урлагийн коментууд нүүр амаа хөдөлгөж, гаднах хэлбэр хөөж, “панаал”-ны үг хэллэг хөөцөлдөөд байгаа юм болов уу даа. Рок поп гарсны дараа хип хоп гарч ирээд хараал ерөөл хэлдэг болсон. Энэ язгуур нь хаанаас вэ гэдгээс л шалтгаалдаг. Дэлхий нийтээрээ эвдрээд байгаагийн жишээ юм болов уу даа. Хүнд цаанаасаа л адгууслаг шинж ил гарч байгаа юм. Хэзээ байтлаасаа бидний өмнөх үеүдэд хараал ерөөл “жаргон” хэллэгийг алга ташин үзэж суудаг байсан юм. Цөөхөн хэдэн монголчуудынхаа тархийг буруу зүйлээр угааж байна гэсэн үг л дээ. Бидний үед одооныхоос энгийн зүйлийг тайзан дээр хэлчих юм бол пүү паа юу яриад юу гээд байгаа юм бэ болиоч ээ гээд бөөн юм болдог байсан. Саяхан хошин урлагийн найзууд уулзаж суулаа. Тэгж сууж байхдаа энэ контентын талаар яриад. Бидний үед юу ч дуугардаггүй даруулгатай байжээ. Хяргачих гээд л байдаг байсан биз дээ гээд инээлдэж байлаа. Юу үзэж таашаах нь хувь хүний сонголтын хэрэг юм даа.
Хоёулаа уран бүтээлийн ярианаасаа түр хазайя. Суунигийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ?
Суунийгээ энд тэнд дагуулаад явна. Гадаад руу, хөдөө явах болохоороо ээж дээрээ үлдээдэг. Ээж маань том охиныг маань өсгөж өгсөн, одоо бага охиныг маань харж байна. Миний охинд жүжигчин хүнд байх данз, эмоци гэх ховор зүйлүүд байгааг би олж хардаг. Гэхдээ би жүжигчин болоосой гэж хүсэхгүй байгаа. Том охин минь намайг дагаж явж байгаад хүссэн хүсээгүй жүжигчин болчихлоо. Жүжигчин болно гэдэг маш хэцүү ажил. Бэлэн тоглолтыг үзээд суух амархан боловч тэр зүйлийг бүтээхэд оюуны болоод бие махбодын асар их ачааллыг үүрдэг. Арсланд тоглодог манай Доржсамбуу багш бидэнд “Жүжигчин гэдэг бол маш хүнд хар хөдөлмөр шүү дээ. Та нар их л гоёор бодох юм” гэдэг байсан. Дөнгөж нэгдүгээр курст орчихсон байсан. Ид хүсэл мөрөөдөл дээрээ явж байгаа хүүхдүүдэд тэгж хэлэхээр юу ч ойлгохгүй гайхаад л. Яахаараа хүнд ажил гэж байгаа юм бол доо л гэж боддог байжээ. Цэвэр ар гэрээ хаяж байж, сайн уран бүтээл гаргахын төлөө ажиллана шүү дээ. Заримдаа би “Өдий насандаа нэг хүүхэд гаргачихаад тэрэндээ цаг зарцуулж чадахгүй байх даа ч яах вэ дээ” гэж боддог. Орой гэртээ ирээд охиныхоо хичээлийг нь ялгана. Охин хүүхдийн чинь ариун цэврийг сахиулна. Хумс хурууг нь янзална гэх мэт ажил их ээ. Гэхдээ гэр бүлд үр хүүхэд гэдэг хамгийн их аз жаргал авчирдаг. Заримдаа би ажил дээрээ ажлаа хийж сууж байхдаа өөрийн эрхгүй охиноо бодоод үртэй хүүхэдтэй байна гэдэг ямар аз жаргал юм бэ дээ гээд ярьчихдаг. Тэгэхээр Онон өлгөж аваад “Хүүе Одноо минь болно. Энэ бүр сайн эзэгтэй боллоо шүү. Наад ажлаа хий. Уран бүтээлээ бод” гээд тоглоом шоглоом хийдэг. Би чинь том охиндоо анхаарал тавьж чадаагүй хүн. Бага охиндоо цаг зарцуулмаар байна шүү дээ.
Одноо эгч ямархуу гэрийн эзэгтэй вэ? Гэр бүлийг чинь тойрох хүмүүсийн хандлага ямархуу байдаг вэ?
Ар гэртээ цаг зав гаргана гэдэг хэцүү дээ. Цаг зав гарвал гэр орноо угааж арчих, нэг өдөр нэг цонхны тавцан арчсан бол маргааш нь нөгөөг нь гэх мэтээр цэвэрлэдэг. Сайн эзэгтэй байсан бол өглөө эрт сэрээд цай хоолыг нь бэлдэж өгөөд, өдөр идэж уух юманд нь анхаарал тавиад бие организмд нь тааруулаад хүн тус бүрд санаа тавих байлгүй. Ингэж чадахгүй болохоор ямархуу эзэгтэй байна. /инээв/.
Монголчуудын олонх маань биднийг сайхнаар хүлээж авна. Нэг хүн хажуугаар зөрөхдөө сайхан ерөөл хэлээд, гоё хараад өнгөрөхөд л нэг их сайхан болоод эрч хүч орох шиг болдог. Бид хоёрын гэр бүл их олон хүнд хэцүү сорилтыг давсан даа. Одоо бол хүн бүхэн хүлээн зөвшөөрсөн.
Өнгөрсөн жил таны төрсөн өдрөөр Бархүү таныг албан ёсоор гуйж тэр ч бүү хэл хүү гаргуулах хүсэлтээ олон түмний нүдэн дээр зарласан. Харин та тэр бүхнийхээ хариултыг биднээр дамжуулахгүй юу. Ойрын төлөвлөгөөнд хүүхэд багтаж байгаа юу?
Би чинь эрүүл мэндээ анхаардаггүй эм ч уудаггүй, эмчид ч үзүүлдэггүй байлаа. Одоо охиноо бодоод эрүүл саруул байж, түшиг тулгуур болмоор байна шүү дээ. Манай ээж 70 гарсан хүн байдаг мөртлөө хүүхдүүддээ хэрэгтэй байх гэж их хичээдэг. Бидэнд ээж маань хэчнээн хөгширсөн ч хүнд хэрэгтэй хүн болоорой гэж захидаг. Тэгэхээр би ээжийнхээ захиснаар хүүхдүүддээ хэрэгтэй хүн байхын төлөө хичээж байна. Надад нэг настай хүн “Чи хүүхэд төрүүлчихээд хэдэн шөнө нойргүй хоносон. Хэдэн шөнө кино хийж нойргүй хоносон бэ” гэж асуусан. Нойргүй хононо гэдэг чинь богинохон насалдаг юм. Одоо биеэ бод. Битгий миний хүү ядарна" гэж хэлсэн. Тэгэхээр ойрын төлөвлөгөөнд хүүхэд төрүүлэх талаар төлөвлөөгүй л байна. Гэхдээ бурхан яаж зурсныг мэдэхгүй шүү дээ. / инээв /
Таныг ганц бие залуухан байхад хэл ам тойрдоггүй байсан байх. Тэр хүнд үе одоо үе хоёрын ялгаа өөр болсон уу?
Мэдээж өөр байлгүй яах вэ. Нэг шар сонинд намайг нэг залуутай холбоод худлаа ярилцлага гаргачихсан байсан. Доромжлолыг тэснэ гэдэг надад маш хүнд байсан. Тэр үед нэг ухаантай хүн зөвлөсөн юм. “За Одноо минь худлаа юм бол худлаа нь хэзээ нэгэн цагт илэрнэ” Үнэн л юм бол чи тэр хэл амны хойноос бүү гүй” гэсэн. Ганц бие болохоор нь дээрэлхээд байгаа ч юм шиг санагддаг байсан. Орой нь гэртээ орж ирээд охиноо тэврээд уйлж байлаа. Худлаа гэж бодохоор л алалцмаар санагдаад байгаа юм чинь. /нүдэндээ нулимстай инээв/. Өөртөө тэснэ тэснэ гэж хэлээд их тэвчээр гаргасан.
– Баярлалаа танд уран бүтээлийн амжилт хүсье.
М.Норико