“Ганцхан удаа хил дээр ирээд үз. Явахыг хүсдэггүй юм. Эр хүн болж төрснийх энд би байх ёстой юм байна гэдгээ хилийн зурваст ирээд ойлгочихдог. Тийм гэхийн аргагүй татах хүчтэй газар шүү дээ” гэж залуу хилчин 0234 дугаар ангийн Сэтгэл зүйн хангалтын тасгийн хөгжимчин, дэд ахлагч Х.Багатамир цаг гаруй ярилцах хугацаандаа хэдэнтээ хэлэв.
Хэлэх бүрдээ зүрхэн талдаа алгаа дэлгэн цээжээ дарж, “Аавын хөвгүүд энд ирэхээрээ их л өөр болдог. Би ч тэгж өөрчлөгдсөн” гэж аядуухан ярих нь чин сэтгэлийнх байлаа. Би сониучирхан, “Яаж өөрчлөгддөг вэ?” гэж асуухад,
“Эр хүн болох эхлэлийг хилийн цэрэг тавьдаг. Хилийн цэрэгт албаа хаасан хэн ч байсан надтай санал нийлэх байх” гэсээр бидний яриа Номт хайрханы бэлд өглөөний нар тэнгэрт хөөрөхтэй зэрэгцэн өрнөсөн юм.
Хэдэн оны цэрэг вэ? Цэргийн зарлан ирж байсан үеийн мэдрэмж одоо ч байдаг уу?
– Цэргийн зарлан ирэхэд их догдолсон. Зарлан ирснээс тав хоногийн дараа цэрэгт тэнцсэнээ ээждээ хэлэхэд, “Миний хүү хүсэж байхад нь явуулна аа” л гэж байсан. Харин яг вагон хөдлөхтэй зэрэгцээд ээж уйлчихсан. “Миний хүү нээрээ явах юм уу?” гэж дахин дахин асуугаад л. Гэхдээ сайныг ерөөгөөд хүүгээ цэрэгт мордуулсан ээжийн минь царай сэтгэлд одоо ч тодхон байдаг.
Би 2014 оны намрын цэрэг татлагаар өвлийн цэрэг болж байлаа. Тухайн үед “Тусгай салаа” олон ангит кино од болж байсан үе. Бүх ангийг нь шимтэн үзчихсэн хүн чинь цэргийн алба хаана гэж хөөрөөд л. Манай оныхон ч киноноос төсөөлөлтэй хүмүүс цуглаж байгаа юм. Би арван жилд байхдаа спортоор хичээллэдэг, хэрэндээ л хөдөлгөөнтэй болохоор гайгүй албаа хаана гэсэн төсөөлөлтэй байлаа. Гэтэл өглөө болгон эртлэн босож уул руу гүйх нь эхэндээ давахгүй даваа шиг хэцүү санагддаг байсан. Сүүлдээ адуу шиг гүйгээд гарчихдаг болсон. Өдөр бүрийн бэлтгэл, сургуулилтаар бие хөнгөрөөд, ачаалал даагаад ирэхээр албандаа дуртай болж, амжилттай хаах итгэл төрсөн дөө.
Аав нь цэргийн хүн байсан болохоор цэргийн амьдрал илүү ойр байсан байх. Хилийн цэрэгтэй амьдралаа холбох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?
– Би дөрвөн залуутай айлын бага нь. Дээрээ гурван ахтай өссөн. Өсвөр насны хүү байхдаа том ахыгаа цэргээс халагдаж ирэхийг нь хараад их л гоё санагддаг байлаа. Даахгүй хэрнээ аранзыг нь чирээд, малгайг нь тавиад гүйх дуртай байсан. Одоо бодоход тэр үеэс л цэргийн хүн болох хүсэл төрсөн байх аа.
2015 оны намар цэргээс халагдаж ирээд хоёр жил бусдын л адил ажил төрөл хийлээ. Тэгсэн цэргийн амьдралаа үгүйлээд болдоггүй. Ерөөсөө “Би гэрээт цэргийн албанд шалгалт өгч үзье” гэж шийдээд гэрийнхэндээ хэллээ.
Шалгалтаа өгч тэнцээд Дорноговь аймгийн Сулинхээрийн отряд руу хоёр жилийн хугацаатай явахаар болсон юм.
Улсын зүүн хил дээр 2017 онд очиж үзлээ. Үүр цайх үед хилийн зурваст манаанд зогсох мэдрэмж ямар гоё гэж санана. Нар яг л өлмий дороос, манай хилийн зурвасаас л мандаад байгаа юм шиг гайхалтай.
Зээр зэллэж давхиад л. Хараа тавьж араас нь ширтэхдээ эх нутагтай байхын жаргалыг тэнд илүү мэдэрсэн. Дотроо омогшиж, эргэлт буцалтгүй хилчин болохоор шийдсэн.
Би одоо залуусыг “Нэг удаа ч болов боломж нь таарвал хил дээр ирээд үзээрэй” гэж хэлмээр байдаг юм.
Хилийн багана, шугам гэдэг харахад нэг өөр, сонсоход бас өөр.Тэгвэл тэр залуусын эх орноо гэх бодол, сэтгэл их өөр болно. Ямар их азаар монгол хүн болж төрсөн бэ гэдгээ илүү сайн мэдэрнэ.
Хангайн хүүхэд говьд очих ямар байсан бэ? Мэдэхгүй зүйлтэй их тулав уу?
– Уул, мод хараад өссөн хүн нэлийсэн тал харах сонин юм билээ. Эх орныхоо өөр нэг өнгө төрхийг харах гоё байсан. Алсын бараа илүү харагдаад л, аж байдал нь хүртэл шинэхэн санагдсан.
Очоод удаагүй байтал намайг гал асаа гэлээ. Би чинь түлэх модоо хайгаад олдоггүй. Хэсэг хайж байснаа “Модоо хаанаас авах вэ?” гэж харуулын даргаасаа асуугаад бөөн инээдэм болсон. Модгүй нутагт хөрзөнгөөр түлээ хийдгийг мэддэггүй байж л дээ.
Энэ мэт хүн сонсоход инээдтэй ч юм шиг зүйлээс амьдрах ухаанд цэрэгт явснаар суралцдаг.
Нутаг усны онцлог, цаг агаарыг таньж мэднэ. Өдийд манай нутаг гоё ногоорчихсон, мод нь сагсайгаад гоё байгаадаа гэж санагалзана. Намрын цагт манай Сэлэнгэд ийм байгаадаа гэж бусдадаа ярина. Хүн тэгээд байгаа газартаа дасчихдаг юм байна лээ. Одоо говийн нар, дулаан илчийг хааяа санана аа.
Ингэж дурлаж орсон албаа яагаад дундуур нь завсардуулсан юм бэ?
– Гэрээт цэргийн албаа хааж байхдаа би хилчин болохоор эргэлт буцалтгүй шийдчихсэн байсан. Үлдэх хүсэлтээ хүртэл өгөх тухай бодоод эхэлчихсэн байлаа.
Гэтэл намайг албаа хааж байхад аав минь бурхан болсон. Энэ нь манай гэр бүлд, ялангуяа ээжид минь их хүнд байсан.
Би гэрээт хугацаа дууссаны дараа ээжийгээ ганцаардуулахгүйн тулд гэртээ ирсэн. Дээрээ гурван ахтай, айлын бага, голомт сахих учиртай хүн шүү дээ. Чадахаараа л ээждээ хань болж хэсэг хамт байлаа. Гэхдээ л надад хилчин болох хүсэл минь битүүхэн байсаар байсан.
Ямар завшаанаар хилийн цэрэгтээ дахин албаа үргэлжлүүлэх боломжтой болсон бэ? Ээж нь таны хүслийг мэддэг байсан уу?
– Аавыг бурхан болсноос хойш хоёр, гурван жилийн дараа ээж минь “Залуу байгаа дээрээ хүссэнээ хийж амьдар” гэж хэлсэн юм. Энэ үг нь надад урам өгч, дахин хилчин болох хүслийг минь бадраасан.
Нэг найз маань хилийн цэрэгт хүн авч байгаа талаар надад дуулгаж, өргөдөл өглөө. Ингээд би 2024 оны хавраас ХЦ-ийн 0243 дугаар ангийнхаа босгоор давж, хилчин болох мөрөөдлийнхөө үзүүрээс атгасан.
Намар нь буюу наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хойд хил дээр цолоо авч байлаа. Эх орны торгон хил дээр цолоо авах мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Хэн бүхэнд олдохгүй их хувь тохиол гэж боддог.
Сайхан дурсамж байна. Магадгүй таны чин хүсэл тэмүүллийн шагнал байсан байх. Танай гэр бүлийн хүн хилчин болох хүслийг тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Бараг надаас илүү намайг дэмжсэн хүн бол миний хань.
“Чамд минь цэргийн алба гоё зохино. Би чамайгаа хоёр гараа өргөөд дэмжинэ. Дуртай юмаа хийж албаа хаа. Өөрийнхөө хүслийг дага. Хайр нь ар гэрээ даана. Албаа нэр төртэй хаагаарай” гэж урам өгсөн. Би чинь эхнэртэйгээ танилцаж танилцсанаас хойш л хилээ, цэргийн амьдралаа их дурсаж ярьдаг байсан.
Сайн ханийнхаа ачаар би энд хилчин болоод зогсож байна. Ийм сайхан ханьтайдаа баярлаж явдаг. Хүний хань дэмжээд өгөхөөр өөрийн эрхгүй илүү хичээдэг юм билээ.
Бид хоёр хорин хэдхэн настайгаасаа гэр бүл болсон. Охин маань дунд ангийн сурагч. Манайх шинэ хүнээ хүлээж байгаа. Охин маань удахгүй дүүтэй болно.
Хилчин бидний ард түшигтэй гэр бүл байна гэдэг чухал. Хаа байсан холоос эр нөхрөө дагаад, тэр хүний албыг ойлгоод, өргөсөн тангараг, эх орноо гэх сэтгэлийг нь хүндлээд хамт байгаа эхнэрүүд манай анги заставд олон бий. Тэд бол биднээс дутуугүй эх орончид шүү.
Таны ярианаас нэг зүйлийг анзаарлаа. Боломж гарвал хил дээр нэг ирээд үзээрэй гэж байнга хэлэх юм. Яагаад энгийн иргэдийг энд ирээсэй гэж хүсдэг вэ?
– Сүүлийн үед цэргийн албанд ирж байгаа залуусын “эх орон” гэх ойлголт арай өөр болоод байна. Энд ирээд жилийн хугацаанд албаа хаахдаа “Ийм байжээ” гээд ойлгоод буцдаг л даа.
Ахлах ангийн хүүхдүүд гадагшаа явж, гаднын соёл, хэлийг суралцаж, судлах хүсэл нь нэмэгдсээр байгаа. Гадагшаа явж илүү ихийг сурч мэдэх хүсэл байх нь зөв. Гэхдээ түүнийгээ дагаад эх орныхоо үнэ цэнээс илүү гаднын соёлыг харж, судлах хүсэлтэй болох вий гэсэн эмзэглэл надад төрдөг.
Тиймээс эхлээд эх орны үнэ цэнийг мэдрэх, мэдрүүлэх газруудад очиж үзээсэй гэж хүсдэг. Эцэг эхчүүд ч энэ тал дээр анхаарч, туурга тусгаар улсын иргэн байх ямар сайхныг хүүхдүүддээ мэдрүүлэхийг зорьдог байгаасай. Тэгвэл тэдгээр залуус гадна сурсан зүйлээ тусгаар улсынхаа хөгжилд зориулах ёстойгоо илүү мэдрэх юм болов уу гэж боддог. Эх орноо гэх сэтгэл зүрх монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд байх ёстой.
Эх орны хил тайван байхын ач холбогдлыг илүү ойлгуулаасай гэж хүсдэг юм.
Энэ албанд орсноос хойш таны дадал зуршилд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
– Илүү хариуцлагатай болоход суралцаж байна. Бидний өдөр тутмын ажил бусдаас илүү соргог, мэдрэмжтэй, гярхай байхыг аяндаа сургачихдаг. Түүнийг дагаад хариуцлага нь ч илүү өндөр.
Албаны шаардлагаар гэртээ очихгүй, олон хоногоор явах, хээрээр гэр хийх хэрэгцээ их гарна. Тэр болгонд дасан зохицох, байгальтайгаа зөв харьцах гээд олон чадвар дагаад нэмэгдэнэ.
Хил дээр ажиллаад ирэхээр амьдрал дээр ч хариуцлагыг чухалчилдаг болжээ.
Манаанд гарах үед ямар бодол төрдөг бол? Чимээ анир багатай орчинд уйдах зав гардаг болов уу?
– Олон хөлийн чимээ бага байх тусам хүний мэдрэхүй их хөгждөг. Мод, бутанд гарах чимээнд сортос хийнэ. Хараа хурц болно.
Хилчид хилийн шугамаа даган явахдаа эвдрэл, гэмтэл байна уу, ан амьтад явна уу, хил зөрчих оролдлого гарсан уу, шинэ мөр гарсан уу гэхчлэн анхаарлаа дээд цэгт нь төвлөрүүлж хилээ манана шүү дээ.
Хээрийн хоол буцалгахдаа ч, бууж мордоод явахдаа ч сэрэмжээ алдаж болохгүй албанд байгаагаа мэдэрдэг. Хааяа сайхан дуулаад ч явна. Мэдрэмжээ хөглөнө.
Энд ажиллаж, амьдарч байгаа залуус тун тэвчээртэй, уужуу бодолтой, буурь суурьтай болоод байх шиг анзаарагддаг. Өөр дээрээ ч анзаарч байгаа.
Олон мундаг офицеруудыг харж, суралцана. Тэдэн шиг болохыг мөрөөднө.
Та түрүүн яриандаа хилийн цэрэгт үлдэх дурлах болсон нэг шалтгаан нь “аавын минь оронд аав болсон сайхан офицерууд намайг тосож авсан учраас илүү татагдсан” гэж ярьж байсан. Хэний талаар яриад байв?
– Энд нэг зүйл хэлмээр санагдлаа. Ер нь ард иргэд, цэргийн алба хааж үзээгүй залуусын дунд буруу ойлголт байх шиг байдаг. Дөнгөж аав, ээжийн гэрээс гарч байгаа, бие даан амьдарч үзээгүй 18, 19 настай залуус цэрэгт ирдэг.
Тэд хоол хийж, хувцсаа угааж, цаашлаад морь малын талаар ойлголтгүй байх нь ч бий. Хээр гадаа гал ч асааж үзээгүй байж болно.
Тэдний заримд нь цэргийн амьдрал хүнд, хүлээж авч байгаа хүмүүс нь хэцүү юм шиг санагддаг байх. Тийм биш шүү дээ.
Цэрэгт татагдаад ирэхэд нь тэдэнд эхлээд хилийн цэрэг, эх орон гэсэн ойлголтыг шат дараатайгаар ойлгуулах сургалт орно. Мэдээллээр хангана. Айдастай байгаа цэргүүдтэй ажиллах мэргэжлийн хүмүүс ч бий.
Арай дасаад ирэхээр нь амьдрах арга ухаанд бага багаар чиглүүлэн сургадаг.Өглөө эрт босож үзээгүй, үд болтол унтаж байгаад ирсэн хүнд өглөөний 06:00 цагт босох эхэндээ чанга л санагдана. Гэхдээ дасна.
Амьдралдаа хоёр километр газар ч гүйж үзээгүй хүнд 10 километр бол шийтгэл шиг бодогдоно. Сураад ирэхээрээ харин өглөө гүйхгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй бол бие хүндрээд хэцүү болно шүү дээ.
Энэ бүгдийг өөрийн хүүхэд шигээ бодож, чин сэтгэлээсээ зааж сургадаг хүмүүс манай хилийн цэрэгт олон бий. Ер нь аль болох арга эвээр сургана. Өөрсдөө харуулж, үлгэрлэнэ.
Тийм хүмүүсийн нэг нь манай ангийн захирагч Д.Ганхуяг хурандаа. Бидний албан ажлаас гадна ар гэрт ч санаа чилээнэ. Өөрөө их спортлог. Спортын олон төрлийг сонирхож, хичээллэнэ. Бага залуусаа манлайлаад, үлгэрлээд, хамтаа тоглож хөгжүүлээд явна. Цэргийн хүн буруу зуршилтай байж болохгүй. Тэр дундаа хилийн цэргийн албанд байгаа залуус албаны болоод өөрсдийн нэр хүндийг бодож зөв зүйлд манайлдаг байх ёстой гэж захина. Их гоё биеэ авч явна. Хэлсэн үгнээсээ хазайж байхыг би хараагүй. Тэр хүний үгнээс гээх зүйлгүй мэт санагдана. Залуу хүний хувьд тал засаад байгаа ч юм биш ээ. /инээв/
Ийм л хүн болохсон гэх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Манай цэргийн ангийнхан бүгд хэлнэ дээ. Бидний үлгэрлэн дуурайдаг хүн шүү дээ. Энэ хүний удирдлагад албаа хааж, суралцах боломж олдсонд баяртай байдаг.
Хоёулаа нэлээн ярилцлаа. Таны эх орны талаарх ойлголт хаанаас эхэлж хаа хүрдэг вэ?
-Би хилчин хүн. Хилийн зурвал, хил, хилчин гурав нэгэн шугамд зэрэгцэж байж тусгаар улс оршин тогтнож, эх орон тайван байна. Монгол улсын иргэн бүр эх оронтой гэдгээрээ хаа ч бахархаж амьдарна шүү дээ. Хилийн зурсаваас дотогш бүх зүйл эх орон юм. Тэнд оршин буй бүхэн эх орны эд эс шүү дээ. Монгол улсын хил тайван байвал хилчин бидний зорилго биелж байна л гэсэн шүү дээ.
Ажил албандаа эзэн нь болж, эх орны хилээ манаж байгаа хилчин танд баярлалаа. Албанд нь амжилт хүсье.