“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо

Мэдээ, мэдээлэл
January 07, 2020
1276
Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2019“ улсын уралдаанаа 23 дахь жилдээ зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. “Сайхан бичигтэн”, “12 дугаар ангийн сурагчид”, “Бичлэгийн бус бүтээл”, “Мэргэжлийн багш нар”, “1-11 дүгээр ангийн сурагчид”, “Уран бичлэг”, “Насан хүрэгчид” гэсэн долоон ангилалд 4000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна. Оролцогчдын хамгийн ахмад нь  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын таван настай Ү.Эмүжин байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аваргуудыг тодруулах ёслолд оролцон шагналыг нь гардуулж баяр хүргэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн төрийн албанд монгол бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг хүлээснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг арга хэмжээг орон даяар зохион байгуулж байх нь зүйтэйг хэлэв. Цаашид “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны нэр хүнд, цар хүрээ, өгөөжийг өргөтгөхөд салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийг санаачилга гаргаж, бүтээлчээр оролцохыг уриаллаа.
Сэтгэгдэлүүд