AS ONE төсөл хэрэгжинэ

Мэдээ, мэдээлэл
January 31, 2020
1654

   JCI Улаанбаатар салбар байгууллага 2020 онд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжыг залуучуудад олгох зорилгоор AS ONE – Аутизм төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нийгэмд бидний адил ажиллаж, амьдарч байгаа аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс, тэдний гаргаж буй үйлдэл, хандлагыг эерэгээр хүлээн авч сурах, тусалж дэмжих, ялгаварлан гадуурхахгүй байх, олон нийтэд зөвөөр ойлгуулах, бие биенээ гэсэн хүнлэг хандлагыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой.

   Аутизм бол өвчин биш харилцааны эмгэг бөгөөд манай улсад өнөөдрийн байдлаар аутизмтай гэж бүртгэгдсэн 800 орчим хүмүүс байна. Тэдгээрийн 90 орчим хувь нь 2-15 насны хүүхдүүд байна. Дэлхий нийтэд хурдацтай өсөж буй энэхүү эмгэг Монгол улсын хэмжээнд 19,000 иргэн байх магадлалтай гэсэн статистик судалгаа байна.

    Эдгээр иргэдэд чиглэсэн төрийн бодлого, анхаарал халамж сул байдгаас нийгмийн харилцаанд оролцож чадахгүй, үйлчилгээ тусламж авч чадахгүй байх төдийгүй тусгайлсан эмч мэргэжилтэнүүд байдаггүй улмаас цөөн тооны сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар үзлэг оношлогоо хийж байна. Сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхлэх орчин нөхцөл дутмаг байдгаас нийгмээс тусгаарлагдмал байсаар байна. Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэхээр төлөвлөөд байна.

  • Аутизмын талаар ойлголт мэдээллийг түгээх, таниулах,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг аутизмтай хүүхэдтэй хэрхэн харилцах талаар гарын авлага, тараах материал өгөх,
  • Боловсролын тэгш байдлыг хангах асуудал өнөөдөр ямар түвшинд байгааг нийгэм таниулах, ойлгуулах,
  • Олон нийтийг хамарсан спорт, урлагын арга хэмжээ зохион байгуулах,
  • JCI олон улсын хамтын ажиллагаатай салбарууд болох Солонгос, Японоос мэргэжилтэнүүдийг авчирч, үзлэг оношлогоо, зөвлөгөө, сургалт зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ.

   Тэд бол та бидний нэг, бидэнтэй адил. Хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед хүн бүхэн аливаа зүйлийг хүлээж авах ухамсар, хандлага, өөрийгөө гэж боддог сэтгэлгээ аль хэдийнээ хувьсан өөрчлөгдсөөр байна. Энэхүү төсөл нь Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн Сайн сайхан амьдрал, боловсролын тэгш хүртээмж, ялгаварлан гадуурхахгүй байх  зорилгууд руу чиглэсэн бөгөөд урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд