Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, дараах шийдвэрийг гаргав.
Улс даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэл болгожээ. Энэ дагуу 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний бүтээгдэхүүнээс хоёр нэр төрлийн стратегийн бүтээгдэхүүн буюу улаан буудайг 100.0 мянган тонн, хуурай сүүг 2000 тонноор нэмж импортлох санал ирүүлснийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжиж баталлаа. Ингэснээр 2020 онд Монгол Улс нийт 160.000 тонн улаан буудай, 6000 тонн хуурай сүү импортлохоор боллоо.
Монгол Улсын хүн амын 2020 оны хэрэгцээнд 227.0 мянган тонн гурил буюу 302.0мянган тонн улаан буудай шаардлагатай байна. Монгол Улс 2019 онд 407.0 мянган тонн улаан буудай хураан авч хүн амын гурилын хэрэгцээний 81 хувийг дотоодын гурилаар хангах боломжтой тул гурилын хомсдол үүсэхгүй хэмээн мэргэжлийн байгууллагуудад тооцож байна. Гэсэн ч болзошгүй эрсдэл, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний зөвлөл дээрхи шийдвэрийг гаргав