“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Улс төр
February 21, 2020
2034
   Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан билээ. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. 
“Эрдэнэс Монгол” ХХК дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд богино хугацаанд шуурхай ажиллаж, “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байгаа юм.
    “Эрдэнэс бонд” үнэт цаасаар босгосон хөрөнгөөр 228.493 иргэн 6.0 сая төгрөг болон түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж (үүний 43.892 иргэн 1.0 сая төгрөг хүртэлх зээлтэй), 194.807 иргэн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөнгөжих 1.0 сая төгрөгийн үнэт цаас эзэмших замаар нийт 423.300 тэтгэвэр авагч иргэн байгалийн баялгийн өгөөжөөс хүртэнэ.
    “Эрдэнэс Монгол” ХХК өнөөдөр арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар (Эрдэнэс бонд) төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа бүрмөсөн тэглэж, тэтгэвэр авагчид тэтгэврээ бүрэн авах баталгаатай боллоо.
Сэтгэгдэлүүд