Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Л.Төгсбаяртай ярилцлаа.
-Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол улсын хэмжээнд өмнөх онтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?
– 2019 онд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 336 бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оныхоосоо 18 хувиар өссөн байгаа. Харамсалтай нь амь насаа алдсан ажилтны тоо мөн нэмэгдсэн. 2018 онд 30 хүн нас барсан бол 2019 онд 52 хүн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж амь насаа алдсан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарт 80 осол гарч 19 хүн нас барсан, ус хангамж, бохир ус зайлуулах системийн салбарт 61 осол гарч 16 хүн нас барж нийт бүртгэглсэн ослын 23,8% уул уурхай, олборлолтын салбарт, 18,1% барилгын салбарт тус тус гарсан байна.
Сүүлийн дөрвөн жилд гарсан ослуудад нөлөөлсөн хүчин зүйлээр нь ангилж үзвэл 42,4% нь хүний хүчин зүйл, 57,6% нь ажлын байрны орчин, техник тоног төхөөрөмж, удирдлагын тогтолцооны хүчин зүйлээс шалтгаалсан байна.
-Эрсдэл нэмэгдэх болсон шалтгаан нь юу байна вэ?
Энэ юутай холбоотой вэ гэхээр ажилтан болон ажил олгогч нар хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлж тодорхой хэмжээнд засаж залруулах, сайжруулах юм байгаа ч хууль эрх зүйн орчин харьцангүй боломжийн түвшинд байгаа. Тиймээс хууль мөрдөлт дээрээ л анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэлийн ослуудын шалтгаан, хүчин зүйлүүдийг судалж үзэхэд ажил олгогчид байгууллагынхаа онцлог нөхцөл байдалд тохирсон дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюултай байранд ажиллаж байгаа ажиллагсдыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангадаггүй, эрсдэлийн үнэлгээг тогтмол хийдэггүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтыг тогтмол тавьдаггүй нь осол гарахад голчлон нөлөөлсөн байна.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний үүрэг оролцоо зарим аж ахуйн нэгжид бага харагддаг. Үүнтэй та санал нийлэх үү?
– Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтантай болсон, сургалт сурталчилгаа хийдэг болсон гээд нааштай талууд байгаа. Гэхдээ ХАБ хариуцсан мэргэжилтнийхээ үгийг хүлээж авдаггүй, зүгээр л шалгалт болоход ийм мэргэжилтэн байдаг гэдгийг харуулах гэж л ажилтан байлгаж байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд хөрөнгө мөнгө зарцуулахдаа муу байна. Ганцхан жишээ хэлэхэд л “Эко Алтан Заамар”-т харамсалтай хэрэг гарахад долоохон хоногийн өмнө ХАБ хариуцсан мэргэжилтэн нь эрсдэлийн үнэлгээ хийгээд нуранги үүсэж тоног төхөөрөмж болон хүн дарагдах магадлалтай байна гэдгийг гаргаж ирж удирдлагадаа анхааруулж тайлангаа өгсөн байгаа. Үүнийг нь үйлдвэрийнх нь дарга гарын үсэг зураад хүлээгээд авсан. Гэхдээ л ажил хэрэг болгоогүй. Тэгээд л долоо хоногийн дараа харамсалтай хэрэг болсон байх жишээтэй Эрсдэлээс хамгаалж хүний ам нас, эрүүл мэнд, эдийн засагийн хор хохирлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг ХАБ хариуцсан мэргэжилтэн нь хэлээд байхад анзаарч харах хэрэгтэй.
– ХАБ буюу Эрүүл ахуйн тал дээр сургалт судалгаа явуулах санхүүгийн чадамж хэр байдаг юм бол?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2.Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна гэж маш тодорхой заасан байгаа. Ялангуяа уул уурхай их мөнгө яригддаг салбар. Үүний 1,5% доошгүй гэдэг хангалттай их мөнгө байна. Тиймээс хүмүүсээ сургалт судалгаа хийх, зөв дадал суулгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах, хамгаалах хэрэгслээр хангах гээд хангалттай их ажил хийж болно. Харамсалтай нь манай аж ахуйн нэгжийн захирлууд энэ мөнгийг, ашиг гэж хараад зориулсан зүйлд нь захиран зарцуулахгүй байгаа гол учир байна.
Эх сурвалж. Өглөөний сонин. МХЕГ вэб сайт