Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг хэвтэн эмчлүүлэгчдийнхээ эдгэрэлтийг дэмжихийн тулд өвчтөнүүд болон хүүхдээ сахиж буй эцэг эх, асран хамгаалагчдад эмчилгээний хоолоор тогтмол үйлчилдэг.
2025 онд хоолныхоо орц найрлагыг улам баяжуулж, шим тэжээлийн тэнцвэрийг хангасан хоолоор хоолны цэсээ шинэчлэх зорилго тавьж хоол үйлдвэрлэлийн албаны тогооч нараа олон төрлийн хүнсний ногоогоор баяжуулсан шим тэжээлтэй эрүүл, эмчилгээний хоол бэлтгэх сургалтад хамруулж, ур чадварыг нь дээшлүүллээ.
Сургалтыг Япон улсын мастер тогооч, “Юкогийн Монголчуудад зориулсан хүнсний ногоо, хоолны ном”-ын зохиогч Сүзүки Юко удирдан явууллаа.
Япон улсын мастер тогооч Сүзүки Юко нь Монгол улсад 8 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа бөгөөд Монгол хүмүүсийн хоолны дуршил болон хоолондоо хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн орц найрлагыг нэг бүрчлэн судалсан байна. Түүгээр ч зогсохгүй монголчуудын дунд ихэвчлэн тохиолддог халдварт бус өвчлөл, түүний шалтгааныг ч идэж байгаа хоол хүнс, амьдралын хэв маягтай холбон судалж, 3 цуврал ном хэвлүүлжээ.
Сүзүки Юко Монголчууд өдөр тутмын хоолондоо мах, гурилаас гадна төрөл бүрийн хүнсний ногоо тэр дундаа мөөг, ногоон ургамлуудыг хэрэглэснээр зонхилон тохиолдож байгаа цус өтгөрөх, цусны даралт ихсэх, мөн хоол боловсруулах эрхтний хавдрын өвчлөл зэргээс урьдчилан сэргийлж, урт наслах боломжтой гэлээ.
Харин эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлэг эрүүл шим тэжээлтэй хоолыг үйлчлүүлэгчдэдээ өгснөөр өвчний эдгэрэлтийг дэмжихээс гадна хоол хүнсний зохистой хэрэглээг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой. Энэ алхамыг Төрийн Тусгай Албан Хаагчдын нэгдсэн эмнэлэг эхлүүлж байгаад талархаж байгаагаа хэлсэн юм.
Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлгийн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба нь 13 ажилтантай. Зүрх судас, хоол боловсруулах систем, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн болон хүүхдийн мөн энгийн эмчилгээний хоол гэсэн чиглэлээр нийт 84 нэр төрлийн хоолоор хэвтэн эмчлүүлэгчид болон өвчтөнийг асарч байгаа асран хамгаалагчдад үйлчилдэг.
Цаашид мастер тогооч Сүзүки Юко-ийн сургалтын дагуу хоолны орц найрлагаа шинэчлэх махны хэрэглээг багасгаж, төрөл бүрийн ногоогоор монгол орныхоо цаг агаар, уур амьсгалд тохируулан амт чанартай, эрүүл, шим тэжээлтэй хоол бэлтгэх зорилт тавьж байна. Ингэснээр хүний биеийн бодисын солилцоо сайжирч, эмчилгээ үр дүнд хүрэхэд чухал нөлөөтэй гэж эмнэлгийн ахлах тогооч, хоолны технологич, дэслэгч Ц.Цэрэнбат онцоллоо.
Эмч биш ч эрүүл, шим тэжээлтэй хоолоор анагаах чадвар тогооч нарт бий