Иргэн П.Х нь иргэний үнэмлэхээ хаяж, дахин иргэний үнэмлэх авахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан байх бөгөөд “улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн” гэж, 30000 төгрөгийн торгууль төлсний дараа шинэ үнэмлэх олгоно гэжээ. Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... Иргэн өөрөө иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн журамд хамааралгүй, хариуцлага хүлээх үндэслэлгүй, иргэний үнэмлэхийг ашиглаж байгаа иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаад гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан” гэж, улсын бүртгэгчээс “... иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийг хуулийн нэгдсэн сайтад бүртгүүлсэн, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзсэн, иргэд иргэний үнэмлэхээ хадгалах эзэмших үүрэгтэй, захиргааны зөрчил мөн” гэж тус тус маргажээ. Хяналтын шатны шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, иргэний үнэмлэхээ хаясан тохиолдолд торгууль төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийг баталсан, уг дүрмийн 2.7-д “Иргэн иргэний үнэмлэхээ эзэмшихэд дараах үүрэг хүлээнэ”, 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэж заасан.
Уг заалтаар хариуцлага хүлээлгэх урьдчилсан нөхцөл нь “цэвэр эзэмших” буюу санаатайгаар иргэний үнэмлэхний мэдээлэл, танигдах байдлыг өөрчлөхгүй байх үүргийг иргэнд хүлээлгэсэн тул хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хамаарахгүй буюу захиргааны зөрчил гаргасан гэж үзэхгүй, хариуцлага хүлээлгэхгүй. Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм нь бүхэлдээ нийтийн эрх зүйн харилцааг зохицуулаагүй, ялангуяа маргааны үндэслэл болсон “2.7.1” дэх заалт нь гадагш чиглэсэн, нийтийн эрх зүйн дагавар үүсгэсэн хэм хэмжээ биш, иргэний үнэмлэхээ үрэгдүүлэх нь зөвхөн хувь иргэнд эрх зүйн үр дагавар учруулах болохоос олон нийтэд эрх зүйн үр дагавар учруулахгүй, нийтээр тогтоосон журам, зан заншлын хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй гэж Улсын дээд шүүх үзжээ