Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт болж байна.

Мэдээ, мэдээлэл
March 12, 2021
1682
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтыг үр дүнтэй хийх ёстой болохыг сануулаад “Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийг сайтар судалж, хэрэгжүүлэх хүрээнд хэлбэр биш, агуулга талаас нь харж ажиллах шаардлагатайг анхаараарай гэв. Монгол Улсын Засгийн газар орон нутгийн удирдлагуудын эрх мэдлийг нэмэгдүүлж, бие даан шийдвэр гаргах эрхзүйн чадамжийг бүрдүүлж ажиллана. Иймд авилга албан тушаалын алдаа дутагдлаас ангид байж, КОВИД19-ын эсрэг тэмцэж байгаа энэ үед онцгой комиссын дарга нарын хувиар шийдвэр гаргахдаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих хөтөлбөрийг дэмжиж, асуудлаа цогцоор нь харж, уян хатан шийдвэр гаргахыг захилаа.
Мөн улирлын чанартай бүтээн байгуулалтууд эхэлж, эдийн засагт жижиг дунд бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин зээл гаргаж эхэлснийг тооцох, бүх талаар дэмжих ёстойг сануулав. Коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтын төлөвлөгөөгөө тус бүр гаргаж УОК-т танилцуулж хамтарч ажиллахыг үүрэг болгов.
Төрийн албаны үйл ажиллагааг цахимжуулах зорилт тавьж буй хүрээнд шат шатандаа иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэе. Ингэснээр авилга хүнд суртал буурна. Нийтийн соёлд дэвшил гаргахын төлөө засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт, ажлаараа үлгэрлэж ажиллая гэлээ. Ажил албан тушаалын томилгоог мерит зарчимд үндэслэн хийж байхыг орон нутгийн удирдлагуудаас Ерөнхий сайд хүслээ.
Уулзалтад мөн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж болон Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, үг хэлж, асуултад хариуллаа
Сэтгэгдэлүүд