Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хүн бүр хичээхгүй бол 2021 оны 04 дүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүснэ

Мэдээ, мэдээлэл
March 22, 2021
1136

Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.
 Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна.       Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна.  
   
Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос  17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна.
 
Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа бол КОВАКС хөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу 8 үе шаттай явуулж буй.
Үүнд:
1.     Хариу арга хэмжээний баг
2.     Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар
3.     Худалдаа үйлчилгээний салбар
4.     Бүх шатны боловсролын салбарын ажилчид
5.     50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд
6.     65+ насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд
7.     18-25 насныхан
8. 25-49 насны иргэд тус тус байна. Энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин орж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
 Вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргаж, гэрээнүүд хийгдэж буй бөгөөд БНЭУ-аас Астразенека вакцин  худалдан авах хэлцэл хийж байна. Худалдан авалтын санхүүжилтийн саатал гарахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.
   Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэсэн юм.  
   
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн дээрх мэдээллийг сонсоод Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг  цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья.  
   
Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа.
   
Ерөнхий сайдын зүгээс бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй, бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэлүүд