41593 тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы үеэр замын хөдөлгөөнд оролцох тооцоо гаргажээ.

Мэдээ, мэдээлэл
April 25, 2021
1323
УОК-ын даргын дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаартай уг тушаалд дурдсанаар энэхүү бэлтгэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, автомашины QR код олголт, зөвшөөрлийг хэрхэн олгох талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Уг QR кодоор зорчих түр журмын төслийг УОК-д өнөөдөр танилцуулах аж. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн байгууллагын алба хаагчид замын хөдөлгөөнд QR кодоор зорчино. Уг журам хэрэгжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэсэн тооцоо байна.

QR кодтой холбоотойгоор дараах зохицуулалтыг хийхээр түр журамд тусгажээ. Үүнд,

  • Тээврийн хэрэгслийн QR кодыг хөл хорионы 14 хоногийн турш зорчих, мөн 1 удаагийн код гэсэн хоёр байдлаар олгоно. Өмнө нь системд бүртгэгдсэн, код авсан бол автомашины дугаарыг оруулж зөвшөөрөл олгосон эсэхийг шалгана.
  • Нэг удаагийн шинж чанартай код нь бүтээн байгууллалт, уул уурхай, газар тариалантай холбоотой байгууллагуудад олгох юм. Ингэхдээ олгосон QR кодыг хөдөө орон нутаг руу гарах чиглэлд ашиглаад дахин ашиглахгүй. Орон нутгийн Онцгой комиссоос системд хүсэлт явуулсаны дагуу зөвшөөрөл олгоно
  • Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй эрчим хүч, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн байгууллага,  эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгуулага, шатахуун түлшний хангамж, хэвлэл мэдээлэл зэрэг байгууллагуудад QR кодыг шууд олгоно. Эдгээр байгууллагууд нь өнгөрсөн өмнөх хөл хорионы үеэр системд мэдээллээ байршуулсан байгаа.
  • Зөвшөөрөгдсөн салбарын ажилчид хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо цагийн хязгаартай оролцоно. Харин эм, эмнэлгийн, онцгой байдал зэрэг бусад байгууллагын тусгай тоноглогдсон, зориулалтын тээврийн хэрэгсэлд цагийн хязгаар хамаарахгүй.
  • QR кодоор цагийн хязгаартай оролцох тээврийн хэрэгслүүд өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00 цагийн хооронд зорчино
  • QR код, ажлын үнэмлэхтэй хамт хүчинтэй
  • Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн хүнсний дэлгүүр, эсхүл өмнө бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслээ сольсон байгууллагууд шинээр хүсэлт явуулна. Хүсэлтийг QR@GOV.MN хаягт хүлээн авна.
Сэтгэгдэлүүд