Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин Баян – Өлгийн нутаг, Ховд, Говь – Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян – Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 2–4 °С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 °С–аар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 °С–аар дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар ОЖД–аас 1–2 °С–аар хүйтрэх төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.