УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын дарга нарыг дуудаж уулзан Төрийн ордныг олон нийт, хүүхэд залуучууддаа нээлттэй байлгах, ордны хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өгсөн байна.
Тэрбээр энэ уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг болохыг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болгожээ. Энэ хүрээнд:
- Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;
- Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;
- Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, фото зураг авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтжээ.