"Индра Ганди-Захирах зөн" номын нээлт боллоо

Чөлөөт сэдэв
June 02, 2022
904
Энэтхэг улсын гурав дахь ерөнхий сайд,  хоёр удаа ерөнхий сайдаар сонгогдсон алдартай улс төрч эмэгтэй Индра Гандийн намтар түүхийг өгүүлсэн шинэ ном хэвлэлтээс гарлаа.
Уг номыг эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол улсын гавьяат багш, ОТИС-ийн үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол санаачлан, ерөнхий редактораар ажилласан. Харин номыг монгол хэлнээ хөрвүүлэх төслийн багт Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль, Англи хэлний тэнхим, Сэтгүүл зүй - Олон улсын харилцааны тэнхимийн багш нар ажиллажээ.

Индра Гандийн үеэл, зохиогч Наяантра Сахгал улс төрийн болон хувь хүний амьдралын алдаа оноотой баялаг түүхийг тун ойроос үнэн бодитоор бичиглэн үлдээсэнд энэ бүтээлийн онцлог орших ажээ. Индра Гандигийн эцэг Жавахарлал Неруг монголчууд бид сайн мэдэх бөгөөд тэрээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын анхны Ерөнхий сайд байсан бол түүний эх Камала Неру, өвөг эцэг Мотилал Неру нар ч мөн Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч байв.
1966, 1980 онуудад энэтхэгийн ерөнхий сайдаар хоёронтоо сонгогдон ажилласан Индра Гандийн улс төрийн замнал амаргүй байсан бөгөөд дэлхийн хамгийн олон хүн амтай, хүн ам дотроо үндэстэн, угсаатны олон нийтлэгтэй, шашин соёлын олон урсгал чиглэл, хэв маягтай Энэтхэг улсын түүхэнд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэгч, улс орноо бүс нутгийн тэргүүлэгч гүрэн болгох, хүнсий үйлдвэрлэлд хувьсгал хийсэн гавьяатан гэж үнэлэгдэхийн зэрэгцээ ардчиллын үнэт зүйлсийг бүдгэрүүлсэн, социализм руу хэвийсэн бодлого шийдвэрүүд гаргагч гэж ч шүүмжлэгддэг. Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах ёстой гэсэн эцгийнхээ үзэл санааг баримтлан тэрээр энэтхэгийг хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг бий болгож чаджээ.
Отгонтэнгэр их сургуулийн хамт олон эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд зориулж, дэлхийд нэрээ дурсгасан шилдэг эмэгтэй улс төрчдийн намтрыг орчуулан нийтийн хүртээл болгох ажлыг 2015 онд санаачилж Их британийн ерөнхий сайд алдартай улс төрч Маргарет Тэтчерийн "Эрх мэдэлд хүрсэн зам" бүтээлийг орчуулж уншигчдадаа хүргэж байсан юм. 
Сэтгэгдэлүүд