Н.Амарсанаа: Манайх хямд үнийн сонголт гаргаж, ижил төрлийн бизнес хийдэг хүмүүсийн дургүйг хүргээд байгаа юм билээ

Ярилцлага
August 22, 2022
1008
Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, утаа гаргадаг янданг цөөрүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллахаа зарлаж, үүнийгээ үйл хэрэг болгохоор Багануур дүүрэгт 120 айлын орон сууц барьж буй “Дуурсах тауэр” ХХК-ийн захирал Н.Амарсанаатай ярилцлаа.
-Барилгын материалын үнэ хэд дахин нэмэгдсэн хүндхэн үед иргэдийн орлогод нийцсэн орон сууц барих бодлого баримталж буй тань талархууштай юм. Ажил нь хэр байна вэ?
-2021-2022 он бол барилгын салбарын хувьд хүндхэн жилүүд болж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө манай барилгын салбарт бүр ч хүнд туслаа. Урт хугацааны хөл хорио, хоёр хөршийн нөхцөл байдал, хилийн хориг, үнийн өсөлт гээд олон хүнд сорилтыг барилгачид давж байна. Барилгын материалын үнэ 300-400 хувиар өссөн энэ амаргүй үед иргэдийн орлогод нийцсэн боломжийн үнэтэй орон сууцны сонголтыг багануурчууддаа бий болгож байгаадаа баяртай явдаг.
-Танайх угсармал орон сууцны төмөрбетон бүтээц эдлэлийг дахин ашиглаж, орон сууц барьж байгаа юм билээ. Чанар стандартын шаардлага хангаж байгаа юу?
-Ямар ч хүн эрсдэлтэй, баталгаагүй зүйлд хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулахыг хүсэхгүй шүү дээ. Бид энэ ажлыг эхлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө багагүй судалгаа хийсэн. 2021 онд ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуулийн эрхлэгч, доктор, профессор Я.Дүйнхэржаваар ахлуулсан ШУТИС-ийн судалгааны баг, оношилгоо зураг төсөл судалгааны “Реконстракшн” төв зэрэг нарийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэдэд хандаж, уг барилгын төмөрбетон бүтээцийн төлөв байдалд шинжилгээ хийлгэсэн. Я.Дүйнхэржав доктор бол төмөрбетон бүтээцээр голлон судалгаа шинжилгээ хийдэг, Монголын тэргүүлэх эрдэмтэдийн нэг шүү дээ. Төмөрбетон гүүр гэх мэт томоохон хэмжээний байгууламжуудад шинжилгээ хийж, үнэлж дүгнэдэг, түүний гаргасан дүгнэлтийг салбарынхан хүлээн зөвшөөрдөг, зөвлөгөө зөвлөмжийг нь авдаг том эрдэмтэн. Тийм учраас түүнийг сонгосон хэрэг.
Я.Дүйнхэржав доктор 2021 онд өөрөө биечлэн ирж, барилгын бүтээц эдлэлд газар дээрх үзлэг хийсэн. Шинжилгээ оношилгоонд хэт богино авианы CND багаж, Швейцарийн DIGISHMIDT 200, соронзон багаж proposcopy, Zircon-16, ан цав хэмжигч, Швейцарын “Leica” брэндийн ТС-800 маркийн электрон тахеометр зэрэг багаж төхөөрөмжийг ашиглан маш нарийн хэмждэг юм билээ. Мөн барилгын бүтээц, эдлэлийг зураг төсөлтэй тулгах, барилгын бүтээцийн урьдчилсан оношилгоо, нарийвчилсан оношилгоо, угсармал төмөрбетоны ханын бетоны бат, бэх, хучилтын хавтангийн арматурын хамгаалах үеийн зузаан, ан цавын төлөв байдал, бетон болон арматурын корроз, барилгын суурь, барилгын бүтээцийг өөрчилсөн эсэх гэх мэт олон талаас нь нарийвчлан шалгасан.
-Тэгээд ямар дүгнэлт гарсан бэ?
-Ямар ч асуудалгүй, барилга барьж болно гэсэн. Я.Дүйнхэржав докторын энэ барилгын бүтээц эдлэл дээр хийсэн туршилт шинжилгээний ажлын тайлан нь багахан хэмжээний эрдмийн ажлын дайтай юм бий. Дээр дурдсан бүх үзүүлэлтээр нарийн шинжилсэн. Энэ судалгааны ажлаас “Барилгын даацын үндсэн бүтээцийн ерөнхий төлөв байдал хэвийн, бүтээцүүдийн бетоны бат бэх нь В20 ангийн бетоны шаардлагыг хангаж байна, барилгын бүтээцүүдийн метал болон бетоны корроз маш бага явагдсан, цаашид ашиглаж болох түвшинд байна” гэсэн дүгнэлт гарсан. /Дүгнэлтийг хавсаргав/
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй судалгааны байгууллага, эрдэмтэд ийм дүгнэлт гаргасан тул бид итгэл дүүрнээр ажлаа эхлүүлээд явж байна. Энэ ажлыг эхлүүлэх шийдвэр гаргахад түлхэц болсон өөр нэг зүйл нь бидний сонгосон барилгын эдлэл нь 9 давхар барилгын материал юм. Өөрөөр хэлбэл 9 давхар барилгад зориулан үйлдвэрлэсэн бүтээцээр 5 давхар барилга барьж байгаа хэрэг. 9 давхар барилгад зориулагдсан бүтээц эдлэл учраас материалын бат бэх чанар, даац авах байдал, бетон, төмрийн орц гээд бүх зүйл нь 5 давхар барилгад элбэгдэнэ шүү дээ.
-Угсармал төмөрбетон бүтээцийнхээ судалгаа шинжилгээг мэргэжлийн лабораторид, мэргэшсэн эрдэмтдээр хийлгэсэн юм байна. Бусад зөвшөөрлүүд нь бий биз дээ. Барилга барихад хамгийн том асуудал газар, дараа нь шугам сүлжээний асуудлууд байдаг даа?
-Манай барилга Багануур дүүргийнхээ төвд, сургууль, цэцэрлэг, төр захиргааны байгууллагууд, худалдаа үйлчилгээний төвүүдийнхээ дэргэд, алтан байрлал гэж хэлж болохуйц газарт баригдаж байгаа. Энэ газрыг хувь хүмүүсээс худалдаж авсан. Газрын асуудалгүй, техникийн нөхцөлүүд гарсан. Нийслэлээс архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан. Эскиз зураг батлагдсан. Барилгын зураг төсөлдөө экспертиз хийлгэсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар гэх мэт холбогдох байгууллагууд дүгнэлт бий. Энэ мэтээр барилгын ажилтай холбоотой бичиг баримтуудаа хууль ёсоор нь шат дарааллаар нь аваад л явж байна.
-Газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй байх талаар... ?
-Монгол орны хувьд баруун талаараа газар хөдлөлийн идэвхжил илүүтэй, зүүн тал руугаа идэвхжил багатай байдаг. Хэдэн жилийн өмнө Барилга хот байгуулалтын яамнаас захиалж, газар хөдлөлийн идэвхжилийн талаар томоохон судалгааг Одон орон геофизикийн хүрээлэнгээр хийлгэсэн. Багануур дүүргийн хувьд газар хөдлөлийн 6 баллын мужлалд багтдаг. Газар хөдлөлийн аюул харьцангуй багатай гэсэн үг. Харин манай барилгыг 8 баллыг тэсвэрлэнэ гэсэн тооцоог зураг төслийн мэргэжилтнүүд гаргасан.
-Шинжилгээ судалгаа, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрлүүд байгаа юм байна. Гэтэл  тийм зүйл байхгүй мэтээр сошиалд ярьсан байсан?
-Орон сууцаа үнэтэй борлуулах гэж байтал нь манайх хажууд нь хямд үнэ гаргаж ирээд ижил төрлийн бизнес хийдэг хүмүүсийн дургүйг хүргээд байгаа юм билээ. Манай барилга хаус барьж зарах гэж байгаа хүний дургүйг л хүргэсэн үү гэхээс иргэд, захиалагчид бол боломжийн үнээр боломжийн байртай болох нь гээд баяртай байгаа шүү дээ. Зарим нэг хүн хувийн эрх ашгаа иргэдийн эрх ашиг гэсэн өөхөнд боож шидээд, бизнесийн нэр хүндэд халдаад байгаад харамсаж л сууна. Манай бизнесийн нэр хүндэд халдсан мэдээллээ тодорхой давтамжтайгаар, зориудаар хуурамч хаягнуудаас шэйр хийж түгээсэн байна билээ. Тодорхой зорилготой, бидний ажлыг харлуулах гэсэн зохион байгуулалттай ажил гэдэг нь тролл ажиллуулж, зохион байгуулалттай түгээж байгаагаас нь харагдаж байгаа юм. Цаашид ийм явдал дахин гарвал хандах газарт нь хандана. Энэ бол хэдэн жилийн хөдөлмөр, цаг хугацаа хөрөнгө мөнгөө энэ ажилд зориулсан манай хамт олноос гадна байр захиалаад хүлээж суугаа олон айлын эрх ашигт халдаж байгаа явдал.

 

 
Сэтгэгдэлүүд