Өнөөдрөөс дулааны аргаар боловсруулсан махаа экспортлохоор боллоо

Мэдээ, мэдээлэл
August 24, 2022
826
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын 2022 оны 06 сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг өнөөдрөөс (2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс) эхлэн экспортлох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Короновируст халдварын цар тахлаас шалтгаалан 2020, 2021 онд БНХАУ Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Ингэснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад 35-45 хувь буурах үндэслэл болсон юм. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Эрээн боомтоор мах, махан бүтээгдэхүүн экспортлоогүй байна.
БНХАУ-д экспортын эрхтэй, хяналт шалгалтаар бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, импортлогч орны шаардлага хангаж буй 16 аж ахуйн нэгжийн (давхацсан тоогоор) агуулахад нийт 9537.6 тонн 206.0 тэрбум төгрөгийн экспортын зориулалтаар бэлтгэсэн мах хадгалагдаж байгаа бөгөөд эдийн засгийн хямралтай энэхүү цаг үед нийт 1200 гаруй ажилчин, албан хаагчид цалингүй, орлогогүй байна.
Ийнхүү экспортыг нээж, 2021 онд бэлтгэсэн дээрх махыг урд хөрш рүү нийлүүлснээр 64.5 сая долларын орлого олох боломжтой. Мөн 2022-2023 онд өвөлжилт хүндэрч болзошгүй 10 аймгийн 6.5 сая толгой малыг (183 мян.тонн мах) эргэлтэд оруулж, экспортлох нөхцөлийг бүрдүүлэх юм.
Сэтгэгдэлүүд