Нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээний сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр “Таван толгой түлш” ХХК хоногт 1200-1400 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж энэ сарын 8-ны байдлаар 99,348 тонн сайжруулсан шахмал түлш, 210 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна. Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг автозамаар тээвэрлэн авчрахад зам эвдрэх зэрэг сөрөг нөлөөтэйгээс төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулсан өндөрлөгөөтэй зам барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж эхнээсээ ашиглалтад оржээ. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байна.
Шадар сайд С.Амарсайхан энэ жил эрт хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлан, сайтар хангаж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстойг мөн санууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 онд эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зориулж төсвийн дэмжлэг үзүүлэх бодлого барьж буйг хэлээд Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж ойрын жилүүдэд томоохон хөрөнгө оруулалтууд хийхээр төлөвлөж буйг онцоллоо. Цаашдаа өнөө маргаашаа аргацаасан гал унтраах арга хэмжээнээс илүү хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хийх ажлаа арав арван жилээр төлөвлөж, түүнийхээ хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарна. Энэ нь хувийн хэвшлийнхэнд, хөрөнгө оруулагчдад дэмжлэг болно. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг халахаар Засгийн газар зорьж байна. Тиймээс Эрчим хүчний яам ч энэ бодлогыг барьж ЭЗХЯ-тай хамтран томоохон төслүүдээ арван жилээр тодорхойлж гарга. Эрчим хүчний салбар манлайлж ажилла, Засгийн газар бодлогоор дэмжинэ гэлээ.