Улсын хэмжээнд өнгөрсөн онд 159396 удаа газар хөдлөлт бүртгэгджээ. Тэгвэл хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430. Үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа.
Өнөөдөр гэхэд Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл өглөөний 06:24:07 цагт Сагил сумын төвөөс баруун зүгт 36 километрт мэдрэгджээ. Харин иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй тул ямар нэгэн хохирол учраагүй болохыг аймгийн Засаг даргын Тамгийн газар болон онцгой байдлын газраас мэдээлжээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.