Цас орж эхэлснээс хойш 330 тонн бодис, 577.7 тонн давс цацлаа

Мэдээ, мэдээлэл
December 26, 2022
544

Нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 24-ний 17:00 цагаас хойш 15 цагийн турш цас орсон. Иймд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь өөрийн хариуцдаг 180 км гаруй зам буюу гол магистрал замууд, өгсүүр, уруу хэсгүүдэд халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацжээ. 
Энэ жил Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн 250 орчим үйлчлэгч давс, бодис цацдаг тусгай зориулалтын 14 машин, хоёр портер, зам цэвэрлэгээний 12 машин, бичил 17 техниктэйгээр  давс, бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна. Өгсүүр, уруу хэсгүүдэд өчигдөр орой 20:00-21:00 цагийн хооронд давс, бодис цацсан. Үүнээс хойш одоогоор 75 рейсээр 234 тонн давс,  171 тонн бодис цацаад байна. Шөнийн цагаар тусгай зориулалтын 14 машин, зам цэвэрлэгээний 12 машин, бичил 15 машинтай ажиллажээ. Өглөөний 06:00 цагт зам талбайн үйлчлэгчдийн ажил эхэлсэн. Хот тохижилтын газар өнөөдрийн байдлаар  220 тонн давс, 330 тонн бодисын нөөц байна. Давс, бодисыг тогтмол бүрдүүлж байгаа тул нөөц хангалттай бий. Мөн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин хүрэлцээтэй байгаа. Бааз дээр 100 гаруй хүн, зам талбай дээр 300 орчим хүн байнгын бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна гэж 
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батболд хэллээ. 
Өдрийн цагаар замын түгжрэл, ачаалал үүсэхээс сэргийлж холбогдох байгууллагууд шөнийн ээлжээр ажиллаж байгаа юм. Энэ мэтчилэн Хот тохижилтын газраас өөрийн хариуцдаг томоохон магистрал замуудын цасыг хусаж, нимгэлэн, давс, бодис тогтмол  цацаж байгаа юм байна. 
Дүүргүүд ч мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж буй. Тухайлбал, Хан–Уул дүүргийн хэмжээнд тохижилт үйлчилгээний таван байгууллагын албан хаагчид өглөөний 04:00 цагаас эхлэн ажилласан. Ийнхүү тус дүүргийн явган болон авто замын халтиргаа гулгааг арилгахаар 99 хүний бүрэлдэхүүнтэй баг 18 техник хэрэгслээр 45.2 тонн давс, хоёр тонн бодис цацсан юм. Мөн эрсдэлтэй бүс буюу Айдсын даваа, Морингийн даваануудад онцгойлон анхаарч байна. Ингэхдээ Морингийн даваанд ковшоор цас түрэн, давс цацах ажил үргэлжилж байгаа бол Айдсын даваанд автогрэйдерээр хусалт хийж, давс цацсаны үр дүнд халтиргаа арилж, зорчих хэсэг чөлөөтэй болжээ.

 

Сэтгэгдэлүүд