Гаалийн байгууллагад өнөөдрийн байдлаар 400 гаруй сул орон тоо байна.

Мэдээ, мэдээлэл
April 21, 2023
591
ГЕГ-аас “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийг алба хаагчдынхаа дунд анх удаагаа зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд удирдлагын зүгээс авч хэрэгжүүлсэн ажил, баримтлаж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгч, хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцууллаа.
Хэлэлцүүлэгт гаалийн газар, хорооны 146 албан хаагчид танхимаар, орон нутгийн нэгжүүдээс 250 төлөөлөл цахимаар тус тус оролцож, удирдлагын зүгээс анх удаа тулгамдаж буй асуудлын хүрээнд албан хаагчдын санал бодлыг нээлттэй сонсож, хүлээн авч байгаад талархлаа илэрхийлж байв.

Гаалийн байгууллагад өнөөдрийн байдлаар 400 гаруй сул орон тоо байгаагаас орон нутаг буюу хилийн боомтуудад ажиллах хүн хүчний дутагдал их байгаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байна. Түүнчлэн албан хаагчид хилийн боомтод ажиллаж, амьдрах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах шаардлага тулгарч байгаа талаар ч ярьж байлаа.

Албан хаагчдын сэлгэн ажиллуулах журмыг хэрэгжүүлэх тухай эхний хэлэлцүүлгээс хүний нөөцийн мэдээллийг ил тод болгох, томилолтоор ажиллах хугацааг тодорхой байлгах, программ ашиглан, хүний оролцоогүйгээр хуваарийг хийх зэрэг саналууд гарч гаалийн байгууллагын удирдлага болон нийт албан хаагчид дэмжсэн юм.
Цаашид гаалийн байгууллагын хүний нөөцийг ойрын болон дунд, урт хугацаанд төлөвлөх, одоо байгаа сургалтын төвийн эрх хэмжээг өргөтгөх замаар гаалийн албан хаагчдыг хэрэгцээтэй байгаа мэргэжлээр мэргэшүүлэх, давтан сургах ажилд анхаарч хүний нөөцийн нөхөн хангалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн тухай хэлэлцэж, санал нэгдэв. Хэлэлцүүлгээс Гаалийн улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах журмыг шинэчлэн боловсруулах, Хүний нөөцийн төлөвлөлтийг хийх ажлын хэсгүүдийг байгуулж, албан хаагчдаас ирүүлсэн 60 гаруй саналыг судлан үзэж, тусгаж ажиллах шийдвэр гарлаа.
Сэтгэгдэлүүд