Дэлхий нийтэд аялал жуулчлалын салбарын хөгжил жилээс жилд эрчимжиж, олон улсын жуулчдын тоо 1,3 тэрбумд хүрч, 1,3 их наяд ам.долларыг зарцуулсан байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхийн жуулчдын их урсгал Ази номхон далайн бүс нутаг уруу, ялангуяа Эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн их өв соёлыг шимтэн сонирхож байгааг дэлхийн томоохон аялал жуучлал болон соёл урлагийн судалгааны байгууллагууд онцлож байна.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар давуу тал, онцлог байдлаа ашиглаж “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын хөгжүүлэх” зорилго тавьж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэх томоохон зорилтыг дэвшүүлэн тавьсан.
Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Нийслэл Улаанбаатар хотыг Соёлын аялал жуучлалын төвөөр зарлаж, цаашид Төвийн, Баруун, Зүүн, Хангайн, Говийн болон Улаанбаатарын бүсүүдэд газарзүйн байрлал болоод аялал жуулчлалын нөөцийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцээр холбох чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвийн эх үүсвэрээр Хэнтий аймагт Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, аялал жуулчлалын 3 том цогцолборын ажил болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг эхлүүллээ.
Түүнчлэн Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан гурван голын сав, түүхэн дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгох асуудлыг таслан зогсоож, Засгийн газрын тусгай хамгаалалтад авах асуудлыг үе шаттай арга хэмжээ авч байгаа гэж МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.