Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх хэлэлцээрийн төслийг дэмжлээ.
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог чадавхижуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна. Дэлхийн банкнаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь юм байна.
Дээрх санхүүжилтийн 70 орчим хувь буюу 20 сая ам.долларын 5 сая ам.долларыг малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцооны чадавхийг сайжруулах, бодлого, дүрэм журмыг сайжруулах зорилгоор зарцуулна. Мөн малын эмч нарыг чадавхжуулах, малын өвчний тандалт, хяналт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулахад 9 сая ам.доллар, мал эмнэлгийн цахим үйлчилгээг сайжруулахад 4 сая ам.доллар, малын эрүүл мэндийн тогтолцоог олон нийтийн оролцоотой сайжруулахад 2 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Ингээд Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжив