ХДХВ/ДОХ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна

Нийтлэл
December 01, 2022
944
2019 оны байдлаар дэлхий даяар 38 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаагаас насанд хүрэгчдийн 68%, хүүхдүүдийн 53% нь насан туршдаа ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаад байна. Мөн 690,000 хүн ХДХВ/ДОХ-ын шалтгаанаар нас барж, 1.7 сая хүн шинээр халдвар авчээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь ХДХВ-ийн халдварын урьдчилан сэргийлэх, шинжилгээ болон эмчилгээний тусламж үйлчилгээнд бэрхшээл учруулж байна. Эдгээр тусламж үйлчилгээ удаашрах нь олон сая хүн ам, ялангуяа өртөмхий бүлгийн олон хүн ХДХВ-ийн халдварт өртөх болон ДОХ-ын шалтгаанаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлэх юм. Энэ нь тогтвортой хөгжлийн зорилт, 2030 он гэхэд ХДХВ/ДОХ-ыг устгах зорилтод хүрэхээр гаргаж буй бидний хүчин чармайлт, амжилтыг бууруулах аюултай байна.
Монгол Улс нь ХДХВ/ДОХ-ын нийт 309 тохиолдол бүртгэгдсэн, нийт хүн амын дунд ХДХВ-ийн бага тархалттай, харин өртөмхий бүлгийн хүн амын дунд халдвар төвлөрсөн тархалттай хэвээр байна. Иймд COVID-19-ийн цар тахлын үед ХДХВ-ийн халдвар тархалт, ДОХ-ын шалтгаантай нас баралт нэмэгдэх эрсдэлээс сэргийлэхийн тулд ХДХВ-ийн халдварын нэн шаардлагатай тусламж үйлчилгээг нийт хүн ам болон өртөмхий бүлгийн хүн амд тасралтгүй үзүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
ДЭМБ-ын зүгээс өнөөдөр улс орны удирдагчид, манлайлагч болон иргэдийг COVID-19-ийн цар тахлын үед болон цаашид ХДХВ/ДОХ-ын нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэн хүргэх, цар тахлын үед ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээг хүргэхээр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, тэр дундаа сувилагч, эх баригч нар болон олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалахыг уриалж байна.
Сэтгэгдэлүүд