Өнөөдөр ханш нээж ичигсэд хөдөлнө

Мэдээ, мэдээлэл
April 04, 2020
1300
Зурхайн ухаанаар Монгол оронд тохиодог цаг улирлуудыг ерөнхийд нь дөрвөн улиралд хуваахаас гадна, бага хорин дөрвөн улирал гэж хуваадаг. Ханш нээх гэдэг нь энэхүү хорин дөрвөн бага улирлын нэг буюу хаврын нэгэн улирлыг хэлж байгаа юм. Хаврын улиралд хаврын амьсгал орох, хур усны улирал эхлэх, ханш нээх зэрэг багтана.  Энэ өдөр бол  ичсэн амьтад ичээнээс гарч өвлийн улирлыг өнтэй сайхан давж, хаврын улирал ирж байгааг илтгэж байгаа өдөр юм.
    Ханш гэдэг нь ханши гэдэг нанхиад үг. 24 мөчлөгтэй Нанхиад нарны тооллын 5 дугаар үеийн эхний өдөр юм. Энэ нь Григорийн тоолын 3 дугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцэх өдрөөс хойш 15 хоногийн дараа таардаг байна
    Хятадууд яагаад ханш нээх өдрийг тэмдэглэдэг нь эртний нэгэн түүхтэй холбоотой.  МЭӨ 655 онд Чоу улсад үймээн гарч хан хүү нь цөлөгдөхөд үнэнч түшмэл нь хан хүүг дагаж явсан гэнэ. Цөллөгийн хүнд хэцүү үеэр хан хүү өлсөж,ядарч үхэх аюул тулгарчээ. Тэр үед үнэнч  түшмэл нь гуяныхаа махнаас шулж хооллон амийг нь аварчээ. Үймээн ч дарагдаж хан хүү ч хаан болсон байна. Хаан  их баяр цэнгэл хийж гавъяа байгуулагчдыг урамшуулан шагнахад гуяараа хааныг хооллосон хөөрхий түшмэл  мартагджээ. Гомдсон түшмэл ээжийгээ үүрэн ууланд даяанчлан одов. Хаан ч гэмээ ухаарч түшмэлээ санав. Түүнийг хичнээн хайлгасан ч олдсонгүй. Их уул гүн ойгоороо нуугаад байсан тул ойг шатаалгажээ. Тэгээд ойн нурам дотроос түшмэл түүний ээж хоёрын шатсан цогцсыг олжээ. Гэмшсэн хаан дурсгалд нь зориулан зөвхөн хүйтэн зууш идэж байх ханши өдрийг тэмдэглэх зарлиг гаргасан нь өнөөдөр Хятадад талийгаачдынхаа дурсгалыг хүндэтгэх өдөр болон уламжлагдсан байдаг. Ингэхээр энэ бол ханш нээгдэх өдөр бус ханши өдөр гэдгийг мэдэх нь илүүдэхгүй.

Харин ханш нээх өдөр ард олон ямар үйлийг үйлдвэл зохилтой тухай бурхан урлаач, судлаач Д.Ухаанзаяага “Ханш нээх өдөр ард олон буяныг үйлдэх ёстой юм. Бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахих, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахиж амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэх учиртай. Мөн бурхан болоочийн газрыг эргэж зул өргөн, тариа будаа өргөх нь их том буян болдог” гэлээ. 
Сэтгэгдэлүүд