Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

Мэдээ, мэдээлэл
February 28, 2019
1536
       Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна.

      Манай улсад үүн шиг олон бүтээн байгуулалт эхэлнэ. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Саарал усны үйлдвэрийн ажил эхэлж байна. Тавантолгойн төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын олон ажил энэ хавар эхэлнэ. Сэтгэл, зүтгэл байхад ямар ч ажил бүтнэ гэж Ерөнхий сайд онцоллоо.


       Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх зорилт тусгагдсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийн барилгын ажлыг өнөөдөр эхэлж байна.  
      БНХАУ болон Монгол улсын найрсаг хамтын ажиллагааны үр дүнд 1950-иад оны дунд үеэс томоохон бүтээн байгуулалт болох бидний нэрлэж заншсан 40, 50 мянгат, 120 мянгатын орон сууцны хороолол, Энхтайвны гүүр, Налайхын зам зэрэг барилга, байгууламжууд ашиглалтад орж, манай иргэд үр өгөөжийг нь хүртсээр ирсэн. нэхүү төслийн хамт Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх саарал усны үйлдвэр шинээр ашиглалтад орох учиртай. Энэ хоёр хоорондоо хүйн холбоотой төсөл юм.

      Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн  инженеринг групп”-ийн түншлэл шалгарч Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулжээ.
       Энэ төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаанд хэрэгжиж, нэг жилийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургах юм. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн бохир ус цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, III, IV дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглана.
        Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам, сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Сэтгэгдэлүүд