“Увс чацаргана” газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүн 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Оюуны өмчийн газар бүртгэгдсэн бөгөөд Гадаад харилцааны яам, Оюуны өмчийн газар, “Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо”, тус холбооны оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсаас анх удаа Европын Холбооны шалгуур, стандартыг ханган газар зүйн заалтыг хамгаалуулахаар бүртгүүллээ. Европын Холбоонд бүртгүүлснээр “Увс чацаргана” газар зүйн заалттай бүтээгдэхүүн нь “Европын Холбоонд хамгаалагдсан газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүн” гэх шошгыг ашиглах, өөрийн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд хамгаалах боломжтой болж байгаа юм.
Газар зүйн заалт гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрээр нэрлэгдсэн оюуны өмчийн эрхийн төрөл бөгөөд одоогоор нийт 33 дотоодын газар зүйн заалт Монгол Улсад бүртгэгдсэн байна.