Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан сайжруулсан шахмал түлшний мидлингийг төмөр замаар тээвэрлэх ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаа.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотой “Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эд мидлингийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэхээр “Тавантолгой өртөө” дээр ачилтын талбайг байгуулахаар болсон. Энэхүү ачилтын талбай ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж байгаль орчинд сөрөг нөлөөгүй, авто замд эвдрэл гэмтэл, нөлөө үзүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэнэ. Мөн мидлингийн тээврийн зардал буурах, тээвэрлэлтийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм.
Харин төмөр зам бүрэн ашиглалтад орох буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 100 мянган тонн мидлингийг автозамаар тээвэрлэх юм. Иймд Дундговь, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын удирдлагуудтай албан уулзалт хийж, тээвэрлэх явцад хамтарсан хяналт, шалгалт хийх, даацыг зохистой хэмжээнд барих, аюулгүй байдлыг хангах, урт цуваа үүсгэхгүй, байгалийн гэрэлтэйд тээвэр хийх зэрэг асуудлыг тохиролцсон байна.
2022-2023 оны өвөл 690 мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн халаалтын улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор МУ-ын Засгийн газраас 200 мянган тн сайжруулсан шахмал түлшний нөөцийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрдүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Тавантолгой түлш” ХК-аас баруун үйлдвэрт 4 шугам ажиллуулж, нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 56 мянга 710 тн түлш нөөцөлжээ.