Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа нэг томоохон ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Парк шинэчлэлийн хүрээнд хотын хэмжээнд нийт 1370 автобусыг оруулж ирсэн. Энэ жил дахин 730 автобусыг гурван үе шаттайгаар буюу зургаа, найм, есдүгээр сард оруулж ирнэ гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээллээ.
Түүнчлэн Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна.
2022 оноос нийт 11 байршилд зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн оны хувьд дөрвөн байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ жил үлдсэн долоон байгууламжийн ажил үргэлжилж байна. Үүнээс гадна олон улсын зээл, санхүүжилтээр хэрэгжүүлэх зарим төслийн ажил эхэлсэн. Тухайлбал, нүхэн гарцны төсөл, дүүжин тээврийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалт, Сэлбэ сэргэлтийн төслийн барилга угсралт, их багтаамжийн авто зогсоол байгуулах зэрэг ажлууд эхэлнэ гэж тэрээр нэмж хэллээ.