1 сар 1: Энэ оноос эхлэн иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ

Мэдээ, мэдээлэл
January 01, 2026
38

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.
Ингэснээр байгалийн баялгаас олж буй орлогыг хуримтлуулах, ирээдүй үеийнхэнд хүртээмжтэй хуваарилах, сангийн ил тод, хариуцлагатай удирдлагыг хангах зорилт хэрэгжинэ. 
 Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрч, Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэжээ.
Харин 
2025 оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн. Ингэснээр иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, 175 мянган төгрөгийн хуримтлал үүссэн талаар албаныхан мэдээлсэн юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай болсон.
Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай. Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.

Сэтгэгдэлүүд