Говь-Алтай аймгийн 443 өрхийн 308.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна

Мэдээ, мэдээлэл
January 13, 2020
1521

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле ахлуулсан Мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгийн Онцгой комиссыг хуралдуулж үүрэг чиглэл өгч байна.

 

Говь- Алтай аймгийн хэмжээнд 18 сумын 87 багийн 7205 малчин өрхөд 3597.2 мянган толгой мал өвөлжиж байна. Үүнээс адуу 132.4 мянга, тэмээ 44.4 мянга, үхэр 84.4 мянга, хонь 1066.3 мянга, ямаа 2268.8 мянган толгой байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад  83.0 мянган толгой буюу 2.3 хувиар өссөн байна.

Аймаг дундын Бор Аргалантын отрын бүс нутаг 56 өрхийн 37.5 мянган толгой мал, хилийн зурваст 106 өрхийн 84.2 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 153 өрхийн 114.8 мянган толгой мал, өөр аймгийн нутагт өвөлжих 15  өрхийн 10.4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 113 өрхийн 61.3 мянган толгой мал, нийт 443 өрхийн 308.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Аймгийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 85.5 тн тэжээл, сумууд аюулгүйн нөөцдөө 691.8 тн өвс, 331 тн тэжээл, нийт 851.8 тн өвс, 416.5 тн тэжээлийг бэлтгэсэн.  Өвөлжилт хүндрээгүй учраас аймаг болон сумын аюулгүйн нөөцөөс өвс тэжээл олгоогүй байна. Мөн малын зүй бус хорогдол гараагүй.

Тус аймаг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Өвлийн идэш” арга хэмжээний хүрээнд Төгрөг сумын “Баянбулаг-Алтай” хоршоо нь 6.5 тн, Баян-Уул, Дэлгэр, Тонхил, зэрэг сумдаас 40 тн мах нийт 46,5 тн махыг зах зээлд борлуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар 4 сумын 11 иргэн, аж ахуй нэгж нь тэмээ 5 тн, үхэр 15 тн, хонь 106.5 тн, ямаа 82 тн нийт 208.5 тн махыг нөөцөлсөн байна.

Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Алтайн сүрлэг нуруу” ХХК ны Түмэн уул мах боловсруулах үйлдвэр нь 2019 оны 212 хонь, 180 ямаа, 150 адуу нийт 542 толгой малыг нядалгаанд оруулж 46,9 тн махыг, Хүрийн овоо ХХК нь 2019 оны 8 дугаар сараас мал төхөөрөх үйл ажиллагаагаа эхлүүлж 120 үхэр, 362 хонь, 2173 ямаа нийт 2655 толгой малыг нядалж 87,6 тн махыг, “Натур наяд” ХХК-ны мал нядалгааны цех нь 2019 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж 350 адуу, 2785 хонь нийт 3135 толгой малыг нядалж 157,1 тн мах, нийт 292,2 тн мах бэлтгэж Улаанбаатар хотруу тээвэрлэсэн.

2020 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджаас дулаан  байх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар  тус аймгийн  Есөнбулагт 9 см, Хөхморьт, Шарга 5см, Ажбогд, Баян-Уул, Дэлгэр 4см, Баянтоорой, Жаргалан,Тайшир, Цогт, Эрдэнэ 3 см, Бугат, Дарив, Халиун, Гуулин 2 см, Төгрөг, Чандмань 1 см, Тонхил, Бигэр, Цээл сумууд 0.8 см зузаан цастай байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат “Бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд шаардагдах 1.0 тэрбум төгрөгийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн Сайдын багцаас шийдвэрлэх, Говь-Алтай аймагт Ковш техникийг шийдвэрлэх, Аймгийн нийт нутгийн 77% нь зудын нэн их эрсдэлтэй байгааг харгалзан үзэж, Улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг бууруулах талаар арга хэмжээг авах” саналыг ажлын хэсэгт уламжлав.

ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймагт ажиллах юм.

Сэтгэгдэлүүд