УОК-ийн 4 шуурхай бүлэг шүлхий өвчин тархсан, эрсдэл бүхий 14 аймагт ажиллаж байна

Мэдээ, мэдээлэл
December 14, 2021
90

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалаар малын гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх, халдвар тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, УОК-оос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах зорилгоор “Шуурхай бүлэг”-ийг орон нутагт томилон ажиллуулж байна.

 

Энэ дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ажлын хэсэг гарч 4 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 Нэгдүгээр хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн чиглэлд, Хоёрдугаар хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн чиглэлд, Гуравдугаар хэсэг Архангай, Хөвсгөл, Завхан, Увс аймгийн чиглэлд, Дөрөвдүгээр хэсэг Хэнтий, Дорнод аймагт ажиллаж байна.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан нэгдүгээр ажлын хэсгийн мэдээлснээр Дархан-Уул аймгийн Хонгор, Дархан, Орхон суманд малын гоц халдварт өвчний вакцинжуулалт бүрэн хийгдсэн байна. Мөн ХХААХҮЯ-наас ОХУ-аас малын гоц халдварт шүлхий өвчний вакцин татан авалтын цаг хугацаатай давхцуулан Сэлэнгэ аймаг хил дагуух сумдын малын вакцинжуулалтыг хийжээ. Төв зам дагууд суурин газрын малыг 40-60 хувьтай вакцинжуулжээ.

Сэлэнгэ аймгийн тухайд бүх малд бус, зөвхөн хойд чиглэлд өвчнийг тархаахгүй байх тактикаар вакцинжуулан ажиллаж байгааг Шадар сайдад мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан малын гоц халдварт өвчнийг арилгах Шуурхай бүлгийн ахлагч нарт хандан хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр өнгөрсөн 8, 11 дүгээр сард аймаг орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлаар малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг шуурхайлах, шүлхий өвчний голомтуудыг нарийвчлан тогтоохыг даалгасан.

 Үүрэг даалгаврын хэрэгжилт орон нутагт хангалтгүй сул байгааг сануулж, голомттой бүсийг нарийвчлан тогтоох, мал эмнэлгийн тасгуудын үйл ажиллагааг жигдрүүлэх, малын хөдөлгөөн, отор нүүдлийг хязгаарлах, 12 дугаар сарын 31 гэхэд тодорхой үр дүн гаргаж ажиллахыг аймгийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад санууллаа.

Мөн Шуурхай ажлын хэсэг аймгуудад ажиллахдаа Ковид19-ын вакцины 3 дугаар тунд орон нутгийн иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн удирдлагуудтай хамтран газар дээр нь хүн хүчний нөөцийг зөв хувиарлан ажиллахыг даалгалаа.

Сэтгэгдэлүүд