Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нар Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурав.
Талууд байгууллага хооронд мэдээллийг харилцан солилцох нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажиллагааны үр дүнд эерэгээр нөлөөлөхийг хүлээн зөвшөөрч, нөхөрсөг хамтын ажиллагааг байгуулж ажилласнаар бий болгох хоёр талын харилцан ашигтай байдлыг харгалзан үзэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын бүрэн эрхт байдал, эрх тэгш байх, ашиг сонирхлыг харилцан хамгаалах зарчмыг дээдэлж, авлигатай тэмцэх чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг санал нэгтэй тэмдэглэлээ.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын Олон улсын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн албаны дарга Костин Варлан нар оролцов.