Швейцарын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Банкнаас Монгол Улсын 10 аймаг, Улаанбаатар хотын 3 дүүрэгт хэрэгжүүлж буй үндэсний болон орон нутгийн түвшинд илүү ил тод, хариуцлагатай, үр дүнтэй төрийн үйлчилгээг бий болгох зорилготой Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны Төв ТББ нь “Нийгмийн эгэх хариуцлага- Залуусын оролцоо” төслийг 2018 оны 12 сараас эхлэн хэрэгжүүлж байна.
“Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төсөл нь оюутан, залуусын дунд нийгмийн эгэх хариуцлагын талаарх мэдлэг, мэдээллийг түгээх, төрийн бодлого боловсруулах шийдвэр гаргах үйл явцад хариуцлагатай хандах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хамгаалах бүтээлч болон шүүмжлэлтэй сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой.
Төсөл хэрэгжсэн 6 сарын хугацаанд төслийн баг Улаанбаатар хотын 5, орон нутгийн 7, нийт 12 их, дээд сургууль дээр 11 удаагийн олон нийтэд зориулсан нээлттэй лекцийг зохион байгуулсан. Зочин илтгэгчдээр төр засгийн шийдвэр гаргагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, нийгмийн эгэх хариуцлагыг үлгэрлэн хэрэгжүүлж буй манлайлгачдыг урьж, яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн төслийн хүрээнд их, дээд сургуулиуд дээр 7 удаа мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан ба эссе бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд зарласан. Нийт 1000 гаруй оюутан залуус төсөлд хамрагдсаны 77 хувь нь эмэгтэй байв.
Төслийн хаалтын нэгдсэн арга хэмжээ болох улсын хэмжээний парламентын мэтгэлцээн болон илтгэлийн тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Улсын хэмжээнд зарласан эссе бичлэгийн тэмцээний шилдэг 10 эссений эзэд өөрсдийн эссег танилцуулж, сургуулийн хэмжээнд зохион байгуулсан мэтгэлцээний ялагчид мэтгэлцээний улсын аваргын төлөө өрсөлдөв. Улаанбаатар хот болон Ховд, Хөвсгөл, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгийн их, дээд сургуулиудаас нийт 31 оюутан, залуус тэмцээний сүүлийн шатанд оролцсон. Хаалтын нэгдсэн арга хэмжээнд Дэлхийн Банк, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Монголбанк, Сангийн Яам болон их дээд сургуулиудын төлөөлөл оролцлоо.