Засгийн газраас “Буянт-Ухаа-2” 972 айлын орон сууцыг түрээслэх шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлсэн билээ. Харин хотын дарга тус орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ - д хариуцуулахаар болсон.
НОСК - ийн зүгээс түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийг цахим хэлбэрээр бүртгэх бөгөөд мэдээллийн санг бүрдүүлэн бэлэн болгосон байна. Мөн “Түрээсийн орон сууцны журам”- ыг дагалдан хийх ажлын дараалллыг тогтоож, баталгаажуулах ажил явагдаж байгаа юм. Ингэснээр иргэд ямар шалгуураар, хэрхэн бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох аж. Мөн 972 айлын орон сууцны 60 хувьд гэр хорооллын иргэдийг, 40 хувьд нь ахмад настан, залуу гэр бүл, төрийн албан хаагч гэх мэтээр төрөлжүүлэн хамруулахаар болжээ.
НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Цахим хэлбэрээр нээлттэйгээр иргэдээ бүртгэнэ. Зарим иргэд ямар нэгэн дарга, тойргийн гишүүндээ хандаад яваад байгаа. Одоо бол Их хурлын гишүүн, төлөөлөгч нарт ямар ч квот байхгүй. Нээлттэй, иргэд ч хяналтаа тавиад явах боломжтойгоор зохион байгуулна" гэсэн юм.