Хуулийн төслийн талаар Засийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. Тэрээр Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна. Ажлын хэсэг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг гарахаар байгаа аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Гишүүдийн зүгээс Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах талаар тодруулахын зэрэгцээ энэ нь холбогдох хуультай нийцэж байгаа эсэхийг лавлав. Мөн хэчнээн ахмадууд хэд хүртлэх төгрөгийн зээлтэй байгааг, ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн зээл оны сүүлээр олгогдсон нь мэдээлэл задарсан эсэхтэй холбоотойг тодруулсан.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариултдаа, Арилжааны банкуудаас тэтгэвэр авсан иргэдийн талаарх судалгааг авсан. 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн 3 хүртэлх сая төгрөг, 142 мянган ахмад 4 сая хүртэлх зээлтэй. Нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй. 22 мянган иргэн буюу 10 орчим хувь нь 6 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа байна. Хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү тэрбум 150 сая төгрөг байгаа. Энэ нь эрсдэлтэй зээл байх гэж бодож байна гэж байлаа. Мөн тэрбээр, мэдээлэл тархсанаас үүдэлтэй хардлага сэрдлэгийн тухайд ҮАБЗ-ийн зөвлөмж нууцын зэрэглэлтэй учир иргэд асуудлыг өмнө нь сонсоод зээл авах боломжгүй гэв. Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл 775 тэрбум байсан бол жилийн эцсийн байдлаар өсөх биш 758 тэрбум төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл барагдаж, хаагдсан гэдгийг салбарын сайд нэмж тодотгосон.
Ингээд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо