Ардчилал таймс сонин
МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын газрын дарга А.Бямбадоржтой ШТС-уудын мөрдөх дүрэм, журмын талаар ярилцлаа.
-Нийслэл хотын хэмжээнд хэчнээн ШТС үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Улаанбаатар хотод 240-250 орчим ШТС-ууд үйл ажиллагаа явуулж байна. ШТС-ууд худалдаа үйлчилгээний барилга байгууламж боловчиг тухайн худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарч шатах, тэсэрч дэлбэрэх аюул эрсдэлийг бий болгож болзошгүй байгууламж юм. Тиймээс ШТС-ууд бусдад эрсдэл учруулж болзошгүй зай хэмжээг галын аюулгүйн нормын дагуу нарийвчлан тогтоож, баримтлах зохицуулалттай байдаг. ШТС-уудын технологийн онцлог болон ойр орчимд нь байрлах барилга, обьект, байгалийн онцлогоос хамаарч мөрдөх зай хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, ААН, үйлдвэр, агуулах, захиргаа аж ахуйн барилга хүртэл хэрэв газар доор байрлах савтай бол 15 метр, газар дээр байрлах савтай бол 25 метр, мөн хатуу түлшээр галладаг байрнаас далд савтай бол 50 метр, ил савтай бол 150 метр хүртэл хол зайд ШТС-ыг байрлахаар төлөвлөх ёстой. Орон сууцны олон нийтийн барилга хүртэл 25-80 метр хүртэл зай хэмжээг дээр дурдсаны дагуу технологийн онцлогоос хамаарч барихаар тусгасан байдаг. Төмөр зам, авто зам, олон нийтийн газар, ой мод гэх мэт бүхий л газарт галын аюулгүй байдлыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл гарсан тохиолдолд аюул, хохирол учрахаас сэргийлэх байдлаар дээрх зай хэмжээг тогтоосон байдаг.
-Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-ууд дээр дурдсан стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа тохиолдол олон байна. Шалтгаан нь юу вэ?
-Хүн амын нягтаршил ихтэй томоохон хот суурин газруудад дээрх норм журмыг бүрэн хангуулж ажиллахад хүндрэл гарч байна. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд барилгажилт идэвхтэй явагдаж байна.
Үүнээс үүдэж галын аюулгүйн норм дүрмийг зөрчиж ШТС-тай хэт ойрхон зайд барилга барих, эсвэл тогтоосон зай талбайд ШТС үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосоор байна. Үүнээс үүдэж галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зөрчигдөх, иргэд олон нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх нөхцөлийг бий болгож байна.
-Хот суурин газар байх ШТС-ын тоог стандартчилж өгсөн зүйл байдаг юм болов уу?
-Хот төлөвлөлтийн нормд зааснаар тухайн хот суурин газар зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тооноос хамаарч тэр хот суурин газар байх ШТС-уудын тоо хэмжээг тогтоосон байдаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянга орчим тээврийн хэрэгсэл бий гэж үздэг. Энэ тоотой хот төлөвлөлтийн нормыг уялдуулаад тооцоход 70-80 орчим ШТС байхад 600 орчим мянган тээврийн хэрэгслийг шатахуунаар бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо гарсан байдаг. Гэтэл өнөөдөр 250 гаруй ШТС үйл ажиллагаа явуулж байна гэдэг бол дээрх тооцооллоос дөрөв дахин их тоо юм. Мөн шатахуун түгээх станцын түгээгүүрийн нэг хошуу нь өдөрт 1200 авто машинд хүрэлцэнэ гэсэн тооцоо бий. Тэгэхээр нэг ШТС-д дунджаар түгээгүүрийн зургаан хошуу байгаа гэж тооцвол өдөрт 7200 тээврийн хэрэгсэлд үйлчлэх хүчин чадалтай гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд байгаа 250 ШТС-ыг энэ тоондоо үржүүлвэл 1.800.000 мянган тээврийн хэрэгсэлд үйлчлэх хэмжээний хүчин чадалтай буюу одоо байгаа тээврийн хэрэгсэлд хүртээмжтэй байх хэмжээнээс даруй гурав дахин их хүчин чадалтай ШТС байна гэсэн үг. Тэгэхээр хот төлөвлөлтийн асуудал хариуцсан байгууллагууд төлөвлөлтийн норм дүрмийг мөрдөж ажиллахад анхаарах шаардлага бий болж байна. Мөн үүнтэй уялдуулж цаашид шинээр ШТС барих зөвшөөрөл олгох эсэхээ бодох хэрэгтэй. Бид энэ норм дүрмээ барьж ажиллах юм бол Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөө үзүүлэх юм.
-Нэгэнт зөрчил дутагдал байгаа нь ойлгомжтой боллоо. Мэргэжлийн хяналтын байгууллага газрын зөвшөөрөл олгож эхлэх мөчөөс нь эхлээд хяналт тавих боломж байдаггүй юм уу?
-Одоогоор тогтолцооны хувьд тийм боломж байхгүй байна. Бид энэхүү норм дүрэм, зай хэмжээний зөрчлийг арилгах талаар мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага бол Монгол Улсын хууль, дүрэм, журмын дагуу батлагдсан хууль дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх замаар зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл хяналт, шалгалтаар явж байхад нэгдүгээрт, тухайн нөхцөлд ШТС байгуулах боломжгүй газарт газар олгосон хоёрдугаарт,тэр газар дээр нь ШТС барих зөвшөөрөл олгосон гуравдугаарт, зөвшөөрөл нэгэнт олгочихон учраас ААН-үүд барилгын ажлаа эхлүүлж, ашиглалтад оруулах ажил өрнүүлчихсэн байдаг. Ингээд ШТС-аа ашиглалтад оруулсны дараа сая мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийгээд зай талбайн зөрчлийг илрүүлэхэд, тухайн зөрчлийг арилгах боломж нөхцөл хаагдмал болчихдог. Өөрөөр хэлбэл нэгэнт хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулаад бий болгочихсон байгууламжийг хүчээр буулгана гэдэг бол эргээд амархан хэрэгжих боломжгүй болчхож байгаа юм.Тиймээс өнөөдөр ШТС-тай холбоотой үүсэх эрсдэл байсаар байна. Тиймээс цаашид энэ тал дээр баримтлах нэгдсэн бодлого гаргахгүй бол эрсдэлийн хэмжээ нэмэгдсээр байх төлөв ажиглагдаж байгаа юм. Тиймээс одоогийн үүссэн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж хотын ерөнхий төлөвлөлт бодлого хариуцсан байгууллагууд цаашид хот суурин газрыг хэрхэн зөв зохистой хөгжүүлэх вэ гэдгийг норм дүрмийн хүрээнд баримтлаад ажиллавал болохгүй зүйл үгүй.
-Тэгэхээр төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо муу байгаагаас ийм байдалд хүрсэн гэж ойлгож болох нь?
-ШТС барих газрыг анх олгохдоо зөвшөөрөгдөх зай талбайтай газрыг сонгож олгох нь зүйтэй. Ингээд тухайн газарт мэргэжлийн зураг төслийн байгууллага аюулгүй байдлыг бүрэн хангасан технологийн шийдэл бүхий зураг төслийг төлөвлөж, боловсруулдаг. Түүнийг нь тухайн орон нутгийн ерөнхий архитектур хянадаг. Өөрөөр хэлбэл тухайн барилга тэнд байгуулагдсанаар хууль, дүрэм, журамд заасан стандарт нормыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Ингээд хангаж байгаа гэж үзвэл барих зөвшөөрөл олгодог. Ингээд тухайн зургийн дагуу барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад олгодог. Үүний дагуу барилгын компаниуд барилга угсралтын ажлаа гүйцэтгээд хамгийн сүүлд комисс хүлээж авсны үндсэн дээр ашиглах нөхцөл нь бүрддэг. Гэтэл сүүлийн үед зураг төсөлгүй, газрыг нь ШТС барихаас өөр зориулалтаар олгосон газар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн барилга угсралтын ажлыг эхлүүлдэг. Ингээд дараа нь зохих шатны зөвшөөрлийг нь нөхөж авах, түүнийгээ улсын комисст хүлээлгэн өгөх зөрчил гарсаар байна. Мөн нэг байгууллага зургийг нь хянаж, зөвшөөрөл олгоод барилга угсралт явж байх хооронд зөвшөөрөл олгосон компани тухайн барилгын угсралтын ажилд хяналт тавьж чадахгүй байсаар дахин өөр байгууллага улсын комиссоор хүлээн авч байгаа нь тухайн байгууламжийг барихдаа ямар шаардлага тавьсан, тухайн шаардлагыг нь биелүүлсэн эсэх, түүнийг нь комисс шалгаж хүлээж авч байгаа эсэх гэх мэт хоорондын уялдаа холбоо хангалтгүй байна уу гэж хараад байна.
-Нийслэл хотын хувьд ШТС-ын тоо олон болсон, мөрдөх ёстой дүрэм журмаасаа гажсан байгаа нь тодорхой боллоо. Хөдөө орон нутгийн хувьд ШТС-ууд стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж чадаж байна уу?
-Аймаг орон нутгийн хувьд мөн л ялгаагүй дээр дурдсан асуудал, хүндрэл бэрхшээл нийтлэг тохиолддог. Энэ тал дээр тухайн аймаг орон нутгийн төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд энэ тал дээр ямар бодлого баримталж байгаагаас хамаарч зөрчлүүд гарч байна. Та бүхэн мэднэ дээ. Аль нэг аймгийн төв рүү ороход замын хоёр талаар өөд өөдөөсөө харчхаад 4,5,6 ч ШТС-ууд байж байдаг. Энэ бол тухайн орон нутгийн хот төлөвлөлтийн асар том алдаа гэж харагдаад байгаа юм.
-ШТС-тай холбоотой иргэдээс ирэх гомдол ихэссэн үү?
-Энэ төрлийн гомдол маш их ирдэг. Бид иргэдээс ирсэн гомдлын мөрөөр газар дээр нь ажиллаж хяналт шалгалт хийхэд барилга барих зөвшөөрлөө аваагүй, зураг төсөл ч байхгүй байж барилгын ажлаа эхлүүлчихсэн байдаг. Энэ төрлийн зөрчил сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Бид газар дээр нь ажиллаад үйл ажиллагааг нь зогсоохоос өөр арга байдаггүй. Шийтгэлийн арга хэмжээ авна. Гэтэл хэсэг хугацааны дараа зөвшөөрлөө нөхөөд авчихсан байдаг. Эсвэл зураг төслийг нь араас нь нөхөж гаргадаг. Зөрчил байсаар байтал дахин араас нь бичиг баримтыг нь нөхөж олгож байгаа нь аюул эрсдэл бий болж болзошгүй нөхцөлийн үндэсийг нь тавьж өгч байна. Нэг ёсондоо мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг үнэгүйдүүлж байна. Тийм учраас бусад байгууллагууд хоорондоо уялдаатай, төлөвлөлтийн нормоо баримталж ажиллах юм бол хяналт шалгалтууд маань үр дүнтэй болохоос гадна тухайн барилга байгууламж хууль дүрмийн дагуу баригдсанаар аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж нийтийн эрх ашиг хангагдах нөхцөл бүрдэх юм.
-Нийт шатахуун түгээх станцуудын эрсдэлийг үнэлсэн тооцоо судалгаа байдаг юм болов уу?
-2017, 2018, 2019 онд шатахуун түгээх болон хадгалах байгууламжуудын эрсдэлийг үнэлсэн. Тухайлбал, 2017 онд 2272 обьектыг үнэлэхэд 164 обьект буюу 12.8 хувь нь 2018 онд 1247 обьект үнэлэхэд 145 буюу11.6 хувь нь, 2019 онд 1302 обьект үнэлэхэд 143 обьект буюу 10.9 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Тэгэхээр 2017 онтой харьцуулахад 2019 онд их эрсдэлтэй обьектын тоо хоёр хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь тодорхой хэмжээнд хяналт шалгалтын үр дүн гарч байгаа хэрэг юм. Энд бол хяналт шалгалт хийгээд арилгах боломжтойг нь арилгуулж байгаа. Бид хяналт шалгалтаар өндөр эрсдэлтэйд үнэлэгдэж байгаа обьектуудад зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулах, шаардлагатай бол үйл ажиллагааг нь зогсоох эсвэл зөрчлийн хэлбэрээс хамаарч арилгах боломжтой бол хугацаатай албан шаардлага өгч хэрэгжүүлэх хэлбэрээр ажилладаг. Бид торгоно, шийтгэнэ гэхээс илүү аль болох илэрсэн зөрчлийг нь дурдаад тухайн орон нутгийн засаг, захиргааны байгууллагад саналаа хүргүүлдэг. Харин өмнө нь дурдсанчилан үндэс сууриараа буруу эхлүүлсэн ажлуудаас болж залруулах боломжгүй зөрчлүүд, түүнээс улбаалж гарах эрсдэлүүд хэвээр байсаар байна. Тиймээс төрийн шат шатны байгууллагууд шат шатандаа хийх ажлуудаа уялдаа холбоотой, хариуцлагатайгаар хийж чадвал энэ эрсдэл эцсийн дүндээ буурах боломжтой гэж харж байгаа.
-ШТС-тай холбоотой асуудлын талаар ярьсан дээрээ чанартай шатахууныг хэрэглэгчдэд нийлүүлэх тал дээр ямар хяналт шалгалт явуулж байгаа талаар тодруулахгүй өнгөрч болохгүй байх?
-Авто бензин болон дизиль түлшний стандарт батлагдчихсан мөрдөгдөж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байна. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдалд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Стандартад заасан чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг хангах үүрэг нь тухайн аж ахйун нэгжийн үүрэг. ШТС болон шатахуун хадгалах агуулахуудад чанарын лабораториуд байх ёстой. Ингээд ачилт, буулгалт, худалдах үед чанараа алдаагүй стандартад нийцсэн шатахуунаар үйлчлэх ёстой. Одоо мөрдөгдөж байгаа чанарын стандартын дагуу евро-5 ангиллын шатахуун , түлшээр иргэдийг хангахаар батлагдсан байгаа. Мөн агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрт мөн Монгол Улс 2019 онд евро-5 ангиллын шатахуун түлшээр 50 хувь хүртэл, 2025 онд 80 хувьд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хилээр евро-2 ангиллын шатахуун түлш дийлэнх хувь нь орж ирж байна. Тэгэхээр энэ төрлийн шатахуун түлш одоогийн батлагдсан стандартынхаа шаардлагад нийцэхгүй байгаа. Энэ талаар бид холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлэн ажиллаж байна. Хэдийгээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийсэн ч хилээр мөрдөгдөж байгаа стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн орж ирэх асуудал бий болоод байна. Бид хил дээрх стандартад нийцэхгүй шатахуун, түлшийг нэвтрүүлэхгүй хориглон зогсоох арга хэмжээг хоёр ч удаа авсан. Гэтэл манай улс шатахууны хувьд гадны улс орноос хараат болохоор шатахууны хомсдол бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс одоогоор өмнөх стандартын дагуу импортлох асуудалд дэмжлэг үзүүлээч ээ гэсэн хүсэлт хариуцсан байгууллагуудаас нь ирдэг. Зөвлөмж хүргүүлсэн.
-Шатахуун дутуу шахлаа гэсэн гомдол бас их байдаг шүү дээ. Энэ талаар?
-Бид хяналт шалгалтынхаа чиг үүргийн хүрээнд стандарт хэмжилзүйн байгууллагатай нягт хамтарч ажилладаг. Бид холбогдох байгууллагуудтай хамтарч газар дээр нь шахалтын үзүүлэлтийг шалгасан. Энэ тал дээр төдийлөн их зөрчил гардаггүй. Жилд хоёр удаа өвлийн болон, зуны шахалтын тохиргоог стандарт хэмжилзүйн газраас хянаж шалгаад баталгаажуулаад лацдаад явдаг. Иргэдийн хэрвээ тухайн шатахуун түгээх станц дутуу санагдсан тохиолдолд газар дээр нь гомдлоо шалгуулах эрхтэй. Тухайн ШТС-ын ажилтнууд стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан саванд нь шахаж үзүүлэх үүрэгтэй. Ингээд маргааныг шийдвэрлэх боломжтой юм. Гэтэл энэ үүргээ ШТС-ын ажилтнууд төдийлөн хэрэгжүүлэхгүй байна.