Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Дэлхийн банкны группын Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг 2020 оны 2 дугаар 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр тал өнөөгийн хамтын ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, мэдээлэл, санал солилцон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Үндэсний хөгжлийн газар нь одоогоор "Ухаалаг засаг” төсөл, "Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих” төсөл болон "Инфрасап” төслүүдийн хүрээнд Дэлхийн банк групп болон Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна. Үүнд:
1. Хөрөнгө оруулалтын орчины шинэчлэлийн талаар:
Үндэсний хөгжлийн газар нь Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран 2018 оны 06 дугаар сард "Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал” судалгааны тайланг боловсруулан хэвлүүлсэн. Уг судалгаа нь Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрх зүйн болоод эдийн засгийн орчныг бүхэлд нь хамарсан бөгөөд 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш хийгдсэн томоохон иж бүрэн судалгааны бүтээл болсон. Шинэчлэлийн зураглалд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг тусгаж өгсөн болно.
2. Хөрөнгө оруулалтын бодлогын талаар:
Дээрх шинэчлэлийн зураглалын дагуу "Монгол Улсын Засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар баримтлах чиглэл”-ийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг тус тус боловсруулан холбогдогч талуудын хүрээнд хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна. Уг төсөлд одоогоор Олон улсын санхүүгийн корпораци болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын зөвлөхүүд, Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны болон Ажлын хэсгийн гишүүдийн саналыг авч нэгтгээд байна.
3. Хөрөнгө оруулалтын хамгаалал, ил тод байдлын талаар:
Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын хамгааллын асуудалд онцгой анхаарч 2016 онд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг, 2017 онд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог тус тус байгуулан ажиллуулж байна.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга ахладаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Ажлын албыг нь Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн. Ажлын алба нь Дэлхийн банк группын төслийн хүрээнд хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах, явцыг нь хянах, шийдвэрлэх, хариу мэдэгдэх зэрэг процессын асуудлыг цахимжуулах ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна.
Мөн Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны чиг үүргийг Үндэсний хөгжлийн газар хариуцан ажиллаж байна. Уг хороо нь төрийн болон хувийн хэвшлийн оролцоог тэнцүү хангасан бүрэлдэхүүнтэй бөгөөд хөрөнгө оруулалттай холбоотой хууль, тогтоомж, бодлогын баримт бичгийг батлагдахаас өмнө хэлэлцдэг механизм юм.
4. Хөрөнгө оруулалтын үйлчилгээг сайжруулах талаар:
Үндэсний хөгжлийн газрын дэргэд хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвийг 2019 оны 2 дугаар сард нээн ажиллуулж, одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 62 төрлийн нийт 35000 гаруй үйлчилгээг үзүүлээд байна.
Төрийн байгууллагуудын олон төрлийн мэдээллийн болон үйлчилгээний ил тод байдлыг ханган, тус үйлчилгээнүүдийг төвлөрсөн нэг цэгээс үзүүлснээр Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хөнгөвчилж, цаг болон болон зардлыг нь хэмнэж, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлж өгсөн ба нөгөө талаас төрийн байгууллагуудын үйлчилгээг боловсронгуй, хүнд сурталгүй, түргэн шуурхай болсон байна.
Цаашид Дэлхийн банк группын "Ухаалаг засаг” төслийн хүрээнд Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хийж байна. Уг нэгдсэн системийг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
5. Төр-хувийн хэвшлийн түншлэл, үндэсний тээвэр логистикийн сүлжээ, дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийн талаар:
2019 онд "Инфрасап” төслийн багийнхантай үндэсний тээвэр логистикийн сүлжээний зураглал гаргах ажил дээр өгөгдөл, мэдээлэл солилцон нягт хамтран ажилласан бөгөөд өөрсдийн хийсэн судалгааны үр дүнг тус төслийн багийнханд хүлээлгэн өгсөн. Түүнчлэн тус төслийн удирдах бүрэлдэхүүнтэй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин болон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх, төслүүдийг сонгож байгаа үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, хамтран ажилласан болно.
6. Цаашдын хамтын ажиллагааны талаар:
Цаашид Дэлхийн банк групптэй дараах чиглэлүүдээр хамтран ажиллах талаар санал солилцлоо Үүнд:
1. Дэлхийн банк группээс эрхлэн гаргадаг Бизнес эрхлэхүй судалгааны үзүүлэлтүүдийг сайжруулан оноог дээшлүүлж, Монгол улсын эзлэх байр суурийг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах;
2. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын холбоосуудыг бий болгох, ГШХО-тай ААН-үүдийн ханган нийлүүлэлтийн тогтоолцоог бүрдүүлэх болон дотоодын ААН-үүдийн чадавхийг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх;
3. Гадаадын шууд хөрөнгө оруулалттай ААН-үүдийн боловсон хүчний хэрэгцээ, шаардлагыг судлах, дотоодын ажиллах хүчнийг сургах, чадавхжуулах болон зуучлах оновчтой тогтолцоог нэвтрүүлэх;
4. "Инфрасап”төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох аргачлалуудыг боловсронгуй болгох, ТХХТ-ээр хэрэгжиж буй төслүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод болгох, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох төрийн албан хаагчдыг чадавхжуулах, дэд бүтцийн төслийн санхүүжилт зэрэг чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх.
Дээрх асуудлуудыг хэлэлцсэнээр албан уулзалт амжилттай өндөрлөв.