Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол өчигдөр /2020.03.09/ шөнө Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID-19” илэрсэн гэдгийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэллээ.
Халдвар авсан иргэн нь Францын “Бадрах энержи” компанид ажилладаг, 56 настай эрэгтэй болохыг эх сурвалж мэдээллээ. Өнөөдөр 06.00 цагаас Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын шуурхай хурал зарласан бөгөөд онгоц, зочид буудал, галт тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос ирэх долоо хоногийн даваа гаригийн 07.00 цаг хүртэл хориглолоо.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний /2020.03.10/ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө.
Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10:00 цагаас эхэллээ.
Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа орж байна.