Монгол Улсын ирээдүйн 25 жилийн төлөвлөгөөг шинэ үеийн залуустайгаа хамтарч хэрэгжүүлнэ

Мэдээ, мэдээлэл
March 11, 2019
1600

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний дэргэдэх орон тоо бус зөвлөхүүдийн зөвлөлийн анхдугаар уулзалт өнөөдөр боллоо. 
Уулзалтаар зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх салбарт ахиц, үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн гол шалтгаан юм. Гэхдээ огт байхгүй юу гэвэл 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг. Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөхбодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой. Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна.” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

ЗГХЭГ-ын даргын Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлд дотоод,  гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах юм.

Сэтгэгдэлүүд