Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох бүтээн байгуулалтын талаар санал солилцов.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И уулзалтын үеэр Хятад, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа онцоллоо. Ван И сайд БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхэд Хятадын Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Уг уулзалтын үр дүнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар боллоо. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцож Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.