Энэ сард нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Мэдээ, мэдээлэл
March 01, 2023
388

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сард Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байх магадлал өндөр байна

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх бол арав хоногуудийн дунд үеүдээр олон жилийн дунджаас бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орох бол сарын сүүлчээр зарим газраар нойтон цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нутгийн хойд хэсгээр буюу Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл өмнөх өдрүүдээсээ хүйтрэх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан , хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур харьцангуй дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч, зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур харьцангуй дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Сэтгэгдэлүүд