2018 оны 12 сард хуулийн байгууллага шалгаж эхлэхээс өмнө монгол улсын хилээр гарч явсан УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг өнөөдөр 10 цаг 55 минутын үед эх оронд нь авч ирлээ.
Т.Бадамжунайг Филипин улсын Сэбу хотод байхад нь Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус улсын цагдаагийн байгууллагаас эрх зүйн туслалцаа авч, байршлыг нь олж тогтоожээ. Ингээд түүнд яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсаны үндсэн дээр авч ирсэн гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р зүйлд заасан авилгын гэмт хэрэг буюу мөнгө угаасан, авилга авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Онгоцноос буусан дариуд нь Авилгатай тэмцэх газрын мөрдөгчид яллагдагчаар татах тогтоолыг танилцуулан авч явж байна гэж Авилгатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар З.Дашдаваа хэлэв.
Түүнчлэн Т.Бадамжунайг эх оронд нь авч ирэх явцад эрхийг нь зөрчихгүй байх үүднээс өмгөөлөгч оролцуулсан байна. Цаашид хууль зүй дотоод хэргийн яам, бусад улс орнуудтай эрх зүйн туслалцаа авах замаар хуулийн байгууллага шалгаж байх явцад болон шалгахаас өмнө гадагшаа гарсан, эх орондоо ирэхгүй байгаа хүмүүсийг саяны байдлаар авч ирнэ гэж хууль зүй дотоод хэргийн сайд Нямбаатар онцлов.