Зудын эрсдэлийн үнэлгээгээр Дорноговь аймгийн нийт нутгийн 75 хувьд “Нэн эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд Улсын нөөцөөс Засгийн газрын 2023 оны 449 дүгээр тогтоолоор 80 тонн хивэг, 479 дүгээр тогтоолоор тэжээл 50 тонн-ыг хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Сайнбуянгийн Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллах үеэр аймгийн Онцгой комиссоос малчдын бэлтгэсэн мал, махыг худалдан авахад орон нутгийн махны өөрийн агуулах зоорьтой аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчдын малыг газар дээр нь очиж худалдан авалт хийх боломжоор хангахад анхаарах хүсэлтийг уламжиллаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил өчигдрөөс эхэлсэн. Эхний өдөр 238.7 сая төгрөгийн арилжаа хийгдсэн. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдэж байгаа. Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааны системийн хөгжүүлэлтийг хийж худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон. Энэ нь захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм. Мөн малчид их хэмжээний мал махаа зээлээр худалдан борлуулах боломжтой” хэмээн онцоллоо.
Мөн Дорноговь аймагт олон улсын ачаа тээврийн гол боомт Замын-Үүд болон төв магистраль зам байрладаг учраас зам даваа хаагдах үед авто зам гаргахад шаардлагатай авто грейдерийг Улсын нөөцөөс шийдэж өглөө.