Омикроны шинэ хувилбар халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж тэмдэгээр илэрч байна

Мэдээ, мэдээлэл
November 09, 2022
116

Манай улсад өнгөрсөн долоо хоногт ковидын 772 тохиолдол бүртгэгдсэн бол үүний өмнөх долоо хоногт 357 тохиолдол бүртгэгдэж тоо өсөх хандлагатай байна. 
Өнөөдрийн байдлаар PCR-ын шинжилгээгээр эерэг хариу гарсан 349 хүн эмчлэгдэж байгаагаас 255 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Олон улсад BA5-ын 1, BA5-ын 2 зэрэг хэв шинжүүд түгээмэл тархаж байна. Мөн BF7-1 , BQ 1.2 гэх манай улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй тохиолдол илэрлээ.
BF 7-1 хэв шинжээр 72 настай эрэгтэй хүн өвчилсөн. Энэ хүн БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад Монголд ирсэн. Зочид буудалд тусгаарлагдан, эмчлүүлж байна.
BQ 1-ийн 2 шинж оношлогдсон таван хүн бүгд Монгол Улсын иргэн бөгөөд дундаж нас 58.2. Энэ хүмүүст халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж илэрч байна. Хоёр нь эмнэлэгт, бусад нь гэрийн хяналтад байна.
BF 7-1 хувилбар анх Өвөрмонголд бүртгэгдсэн гэж үзэж байгаа. Энэтхэг, БНСУ, ОХУ, Сингапур, Их Британи, АНУ, Япон зэрэг 80 гаруй улсад бүртгэгдсэн. BQ 1.2 хувилбар Австрали, Канад, Турк, БНСУ, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.
Омикроны шинэ хувилбарууд тодорхойлогдож, томуугийн нөхцөл байдал амаргүй байна. Covid-19 болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг. Халдварлах зам нь нэг тул авах хариу арга хэмээ ижил гэсэн үг.
Иймд иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсч байна.
Томуу, томуу төст өвчин болон Ковидын шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Ковид болон томуугаас хамгаалах арга нь вакцинд хамрагдах гэж эмч мэргэжилтэнүүд зөвлөж байна. 

Сэтгэгдэлүүд